Dark Light
Нийгэм | 2025-10-02

ҮР ҮРЖҮҮЛГИЙН АЖ АХУЙН НЭГЖИЙН ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр /2025.10.2/-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат суманд газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэгч “Өгөөж Мандал уул” ХХК-д үр үржүүлгийн аж ахуйн нэгжийн гэрчилгээг гардууллаа.
Тус компанийн захирал П.Бямбацэрэн “Энэ жил Хөдөө аж ахуйн корпораци, Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан Дархан-144 сортын 153 тонн үр авч хаврын тариалалтад ашигласан. Үүний үр дүнд 2400 тонн элит үрийг бэлтгээд байна” хэмээн онцлов.
“Өгөөж Мандал уул” ХХК энэ онд нийт 2800 га талбайд улаанбуудай тариалж, ургац хураалтын ажил ид өрнөж байна. Өнөөдрийн байдлаар 1800 га талбайн ургацыг хураан авсан бөгөөд дундаж ургац 24–28 центнер байгаа бол зарим талбайгаас 40 гаруй центнер хүртэлх ургац хураан авчээ.
2024 онд тус компани механикжсан үтрэмийг ашиглалтад оруулснаар бүтээмжийг нэмэгдүүлж, хөдөлмөрийн ачааллыг бууруулсан байна. Тухайлбал, өмнө нь 10 хүний хийдэг ажлыг 2 хүн гүйцэтгэх боломж бүрджээ. Мөн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 5000 га талбайг бүрэн хашаажуулж, 210 мянга гаруй мод бүхий 30 км урт ойн зурвас байгуулсан нь хөрс хамгаалах, үржил шимийг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан байна.
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр хэлэхдээ, “Газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, үрийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр төр, хувийн хэвшил хамтран ажилласнаар тогтвортой хүнсний хангамжийг бүрдүүлэх нөхцөл бүрдэнэ” гэдгийг онцоллоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26