Хүн бүр шударга шүүхэд хандаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй. “Харин хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс энэ эрхээ бүрэн дүүрэн эдэлж чадаж байна уу” энэ сэдвийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Бүгд найрамдах Солонгос улсын хуульчид хамтран хэлэлцүүлэг өнөөдөр /2025.10.02/ хийлээ. Хэлэлцүүлэгт Хууль зүйн яам болон харьяа байгууллагууд, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн академи, Хуульчдын холбоо, Их сургуулийн багш судлаачид, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, Солонгос улсаас Сөүлийн их сургуулийн хууль зүйн сургуулийн олон нийтийн эрх зүйн төв зэрэг байгууллагын төлөөлөл оролцсон юм. НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооноос манай улсад дараах зөвлөмжийг хүргүүлжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн шударга шүүхээр шүүлгэхэд Процессын тохируулга дутмаг, шүүхийн шатны бүх үйд ажиллагаа, түүний дотор мөрдөн байцаалт болон шүүхийн өмнөх шатны бусад ажиллагаа зэрэг хууль эрх зүйн бүх ажиллагааны процессын талаар мэдээлэл харилцааны хүртээмжгүй байдал, барилга байгууламж, бие засах газрын хүртээмжгүй орчин зэргээс шалтгаалан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ялангуяа оюуны бэрхшээлтэй хүмүүс, сэтгэц-нийгмийн болон сонсголын бэрхшээлтэй хүмүүст шударга ёсыг хүртэхэд хүндрэлтэй байдал тулгарч байна.
Шүүх, хууль зүйн салбарын мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчид болон хууль тогтоогчид, эмнэлэг, эрүүл мэнд, нийгмийн ажилтнууд болон хууль зүйн салбарын бусад бүх мэргэжилтнүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хүний эрхийн талаар ойлголт нэмэгдүүлж, чадавх бэхжүүлэх хөтөлбөр дутмаг байгаа зэргийг онцолжээ.