Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд 2025 оны 09 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 2-ны өдөр иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.
Санал: Баянзүрх дүүргийн 26-р хорооны иргэн Мөнгөншагай: Ч:71А "Дүнжингарав худалдааны төв-МУБИС" чиглэлийн автобусны тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Шийдвэрлэлт: Ирэх долоо хоногоос тус чиглэлд 3 автобус нэмж явуулахаар болсон бөгөөд нийт 6 автобус тус чиглэлд явж эхэлнэ.
Талархал: Хан-Уул дүүргийн иргэн Д.Баттөмөр: М:3 “Архивын ерөнхий газар-Сүхбаатарын талбай” чиглэлийн “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын 2-122 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Я.Содномпэлжээ нь зан харилцаа сайтай, иргэдтэй найрсаг сайхан харилцаж байгаад баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.
Талархал: “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын 2-079 гарааш дугаартай автобусны жолоочийн хандлага маш их таалагдсан.Өглөө 08:00 цаг өнгөрч байхад Алтан овооны 6-р буудлаас нэг эмээ жаахан хүүхэдтэй, юм барьчихсан суух гэж байхад жолооч залуу бууж ирээд, эмээд тусалж, түшиж суулгасан. Ийм хандлагатай жолооч нартай болсонд талархаж байна.
Талархал: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын 1-133 гарааш дугаартай автобусны эмэгтэй жолооч нь харьцаа сайтай, гүйгээд ирж байгаа хүнийг хүлээгээд аваад явж байна. Автобус нь цэвэрхэн сайхан байна.
Талархал: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын Ч:63 “Хан Хиллс-Х-МУБИС” чиглэлийн 1-133 гарааш дугаартай автобусны жолооч Ц.Оюун-Эрдэнэд маш их баярлалаа. Түргэн шуурхай цэвэрхэн сайхан үйлчилж байна.
Талархал: Монгол Улсын Гавьяат багш Борын Ишцог: Ч:71 "120 мянгат-Хүннү 2222-Энканто таун-МУБИС-Сүхбаатарын талбай", Ч:71А “Дүнжингарав худалдааны төв-МУБИС", Ч:84 “Бага тэнгэр сити-120 мянгат" гэсэн чиглэлүүдийг богино эргэлтээр явуулж, ухаалга шийдвэр гаргасан байгууллагын удирдлага, баг хамт олонд маш их баярлалаа. Ажлын амжилт хүсье.
Талархал: 5 шар автобусны зогсоол дээр ажиллаж байгаа Нийтийн тээврийн бодлогын газрын шалгагч Г.Оюунбилэгээр картаа цэнэглүүлээд явсан юм. Гэтэл та илүү мөнгө өгсөн байна гээд араас дуудаад буцааж өгсөнд маш их баярлалаа.
Талархал: Багануур дүүргийн иргэн Н.Эрдэнэчимэг Ч:84 “Бага тэнгэр сити-120мянгат” гэсэн шинэ шугам гаргаж өгсөнд баярлалаа.
Талархал: "Зорчигч тээвэр нэг" ОНӨААТҮГ-ын Ч:50 “Улаанхуаран-ТЭЦ-3” чиглэлийн 1-168 гарааш дугаартай автобусны жолооч Б.Орломдорж иргэдтэй маш сайхан харьцаж, үйлчилгээнд ажиллаж байна. Баярлалаа.
Иргэний гомдол: Ч:2 “Шархад-МУБИС-3,4-р хороолол” чиглэл автобусанд зорчих үед төв зам түгжрэлтэй байсан тул Бөхийн өргөөний буудал өнгөрөөд хүмүүсийг буулгасан. Хүмүүсийг буулгах хооронд унтаж байсан хүүхдээ сэрээх гэсээр байгаад хоцроод хаалга хаасны дараа бууя гэхэд хаалгаа онгойлгохгүй байхаар нь хажууд нь очоод хүүхэд унтаж байгаад сэрээх гэсээр хоцорчихлоо. Түгжирч байгаа юм чинь бууя гэж хэлсний төлөө үг хэлээр доромжлуулсан. Нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа хүнийг яаж ч доромжилж болно гэдэг буруу хандлагаа өөрчилмөөр байна. Төлбөрөө төлж үйлчлүүлж байж, доромжлуулсандаа маш их гомдолтой байна.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын 1-015 гарааш дугаартай автобусны хяналтын камерыг шалгахад хүнтэй маргалдсан зөрчил илрээгүй болно.
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн өндөр настан Б.Баярбат: Х:6 “Өлзийт хороолол-Яармагийн 3-р буудал” чиглэлийн 15-088 гарааш дугаартай автобусны жолооч Яармагийн 3-р буудлаас хүнээ авахгүй явсан.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын жолооч Б.Ууганбаярт торгуулийн арга хэмжээ тооцсон.
Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Хонгорзул: Ч:38 “ХМК-Хайлаастын шинэ эцэс” чиглэлийн 5-248 гарааш дугаартай автобусны жолооч тамхи татаж байна. Арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Тухайн автобусны камерын бичлэг ажиллахгүй байсан тул нотлох боломжгүй.
Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Г.Сувдаа: Ч:24А “Дүүхээ дэлгүүр-Зүрх уул” чиглэлийн 25-006 гарааш дугаартай автобусны жолооч Дүүхээ дэлгүүрийн автобусны буудлаас хүнээ авахгүй явсан.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын эмэгтэй жолоочийн бие өвдсөн тул SOS дарж байх сануулга өгсөн.
Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Болормаа: Ч:2 “Шар хадны эцэс-3,4-р хорооллын эцэс” чиглэлийн 1-177 гарааш дугаартай автобусны жолооч нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд аваад бууж дуусаагүй байхад хөдөлсөн.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын 1-177 гарааш дугаартай автобусны камерын бичлэгийг шалгахад хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хаалгаар хавчаагүй. Зорчигч өөрөө автобуснаас буухдаа хөл алдаж унасан байна.
Иргэний гомдол: Арын автобусаа хүлээж байна гэх шалтгаанаар автобусны буудал дээр 10-аад минут орчим явахгүй, жолооч нь өөрөө буугаад тамхи татаад зогссон.
Шийдвэрлэлт: “Сутайн буянт” ХХК-ийн 5-224 гарааш дугаартай автобусны график цагийг шалгахад 16.42-17:02 цагийн хооронд цайны цагтай байсан байна.
Иргэний гомдол: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ийн эмэгтэй жолооч орж ирсэн хүн болгонтой муухай аашилж, харьцаж, байн байн сигнал дарж, огцом тоормос гишгэн, онцгүй зан авир гаргасан.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын 1-065 гарааш дугаартай автобусны жолоочтой холбоотой асуудлыг шалгаж, хэрхэн шийдвэрлэснийг эргэж мэдэгдэх үүргийг хэсгийн дарга Оргилд өгсөн.
Иргэн та нийтийн тээвэртэй холбоотой санал, хүсэлтээ 70044040 дугаарт залган мэдэгдэх боломжтой.
Эх сурвалж
| Нийтийн тээврийн бодлогын газар
|