2025 оны есдүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймагт 16 настай эрэгтэй хүүхэд өндрөөс унаж барсан тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Уг хэргийн талаар зарим хэвлэл мэдээллийн байгууллага үе тэнгийн дээрэлхэл, багш сурагчийг зодсоны улмаас уг нөхцөл байдал үүссэн байж болзошгүй тухай мэдээлээд байна. Уг хэргийн талаар холбогдох газруудаас тодрууллаа.
Баянхонгор аймгийн боловсролын газраас тодруулав.
-2025 оны есдүгээр сарын 12-ны өдөр харамсалтай хэрэг бүртгэгджээ. Энэ талаар аймгийн Боловсролын газарт мэдээлэл хүргэсэн үү?
-Хэрэг гарсан орой Боловсролын газар энэ тухай мэдээлэлтэй байх ёстой гээд аймгийн Цагдаагийн газраас мэдээлэл ирүүлсэн. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Иймээс юунаас болсон нь тогтоогдоогүй байхад ямар нэгэн таамаг дэвшүүлж ярих нь тухайн хүүхдийн эрх, гэр бүл, анги хамт олны эрх, сэтгэл зүйд нөлөөлөх учраас хууль хяналтын байгууллагын дүгнэлт гараагүй байхад ярих боломжгүй байна.
-Сургуулийн захиргаатай уулзсан уу?
-Сургуулийн захирлуудтай уулзаж холбогдох хүүхэд хамгааллын баг ажиллаж байна. Тухайн хүүхэд шилжиж ирээд удаагүй арав гаруй хоног л хичээлдээ яваад ийм харамсалтай хэрэг болсон болсон байна лээ. Зарим хэвлэл мэдээллийн байгууллага шалгалтын ажиллагаа хийгээд тогтоогдсон мэтээр мэдээлсэн нь ангийнхан болоод сургууль, багш нар руу нь ихээр дайралт ирж, ямар нэгэн эрсдэл үүсэх нөхцөл байдалтай байна. Ангийнхан болоод сургуулийн багш, гэр бүлийнхнийх нь сэтгэл зүйд хүндээр нөлөөлж байна. Үе тэнгийн дээрэлхэл тухайн сургуулийн орчинд байна уу гэдгийг шалгахаар өнгөрсөн долоо хоногт ажилласан. Дүнг хараахан нэгтгэж тайлан гараагүй байна.
-Тухайн сургууль болоод аймгийн хэмжээнд үе тэнгийн дээрэлхэлд өртсөн тухай мэдээлэл өмнө нь бүртгэгдэж байсан уу?
-Тэр тухай мэдээлэл аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвд бүртгэгддэг. Одоогоор манайд тийм мэдээлэл бүртгэгдээгүй. Харин багш хоорондын үл ойлголцлын асуудлаас болсон ганц нэг мэдээлэл бүртгэгдэж байсан юм байна.
Аймгийн Боловсролын газраас дээр хариултыг өгсөн тул Баянхонгор аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газартай холбогдлоо. Аймгийн хүүхдийн эрхийн улсын байцаагч:
2025 оны есдүгээр сарын 12-ны өдөр гарсан харамсалтай хэрэг дээр бид хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа. Насанд хүрээгүй, хүүхэдтэй холбоотой хэрэгт хүүхэд хамгааллын баг хууль ёсны төлөөлөгчөөр оролцох тухай хуульд заасан байдаг. Тухайн сургуулийн орчинд багш сурагч ямар харилцаатай байсан. Сурагч хоорондын харилцаа ямар байв. 2025 онд нөлөөллийн ажлууд хийсэн үү. Хийсэн бол хэр үр дүнтэй байв гэх мэтээр Зөрчлийн тухай хуулийн 6.20-д заасан заалтуудын дагуу шалгалтын ажиллагаа явагддаг. Мөн цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагааг явуулж байна. Гэмт хэргийн шинж байна уу, ямар нөхцөл байдал тогтоогдов, нарийн шинжилгээнүүдээр ямар хариу гарав гээд дүгнэлтийн дараа бид нэгдсэн дүгнэлтийг гаргана. Аймгийн хэмжээнд урьдчилан сэргийлэх ямар ажил хийв. Тэрхүү ажил нь хүүхдүүдэд хэрхэн нөлөөлөв, хүүхдүүдэд бэрхшээлтэй асуудал гарвал яаж даван туулах вэ гэдэг чиглэлээр Seal хөтөлбөрийг хийж байсан сургууль байна лээ. Түүнийгээ хичээлийн хуваарьтаа оруулсан. Долоо хоног бүр тогтмол хичээл орж байсан. Үүний үр дүнд хүүхдүүдийн сэтгэл зүй хэр өөрчлөгдсөн гээд нарийн шалгалтуудын дараа дүгнэлт гарна. Тус сургууль өмнө сэтгэлзүйчгүй байсан. харин энэ жилээс сэтгэлзүйчтэй болоод ажиллаж эхэлсэн байна лээ.
-Цагдаа, хуулийн байгууллагын дүгнэлт гараагүй, шалгалтын ажиллагаа үргэлжилж байхад үе тэнгийн дээрэлхэл, багш нь зодсон гэх мэтээр мэдээлж байна. Энэ нь гэр бүл, ангийнхан, сургууль, багшид хэрхэн нөлөөлж байна вэ?
-Нөлөөлж байна. Гэр бүлийнхэн, ангийнхан, багш, сургуулийн хамт олны сэтгэл зүй хүнд байна. Янз бүрийн дайралтууд ирж байгаа. Хэвлэл мэдээллийн байгууллагууд цагдаагийн байгууллагын дүгнэлт гараагүй байхад ёс зүйн хариуцлагаа ухамсарлаасай гэж хэлмээр байна.
-Аймгийн хэмжээнд үе тэнгийн дээрэлхлийн талаарх бүртгэгдсэн тоон мэдээлэл, судалгаа байдаг уу?
-Хүүхэд хамгааллын 108 үндэсний маш том сүлжээ бий. 108-д хандсан хүүхдүүд харьяаллаараа аймаг руу мэдээлэл нь ирдэг. 2025 онд 108 дугаарт манай аймгаас 150 хүүхэд хандсан. Үүний 29 дуудлага мэдээлэл нь үе тэнгийн дээрэлхэлтэй холбоотой байсан. Улсын хэмжээнд энэ асуудал байсаар байна. Тиймдээ ч Хүүхэд хамгааллын хуульд энэ талаар тусгасан 2025 оноос хэрэгжээд явж байна. Гэсэн ч энэхүү үзэгдэл буурахгүй байна.
Ингээд ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Будзаанаас тодруулахад “2024 оны байдлаар үе тэнгийн дээрэлхлийн тухай улсын хэмжээнд 660 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үүний 120 нь гэмт хэргийн шинжтэй байсан бол 540 нь зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл байсан гэх тоон мэдээлэл гарчээ” гэв.