Dark Light
Нийгэм | 2025-10-03

ДУЛААНЫ ТАВДУГААР СТАНЦ: ГЭРЭЭНИЙ ХЭЛЦЭЛ ДУУССАН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Манай улсын хүн амын 50 орчим хувь нь Улаанбаатар хотод амьдарч, төвлөрөл нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өссөөр байна. Одоогийн байдлаар дулааны цахилгаан станцууд нь 1549 МВт хүчин чадалтай хэдий ч оргил ачааллын үед эрчим хүчний хэрэглээ 1636 МВт-д хүрч, энэ нь цахилгаан үйлдвэрлэх нийт хүчин чадлаас 315 МВт-аар хэтэрч, улмаар өндөр үнээр импортын эрчим хүч нийлүүлж байгаа. 
Иймд энэ өсөлттэй уялдуулан эрчим хүчний хангамжийг сайжруулах, найдвартай байдлыг хангах зорилгоор Дулааны тавдугаар станц төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тус төслийн хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станц баригдах юм.
Энэхүү төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох уралдаант шалгаруулалтын хүрээнд урьдчилсан шалгаруулалт зохион байгуулагдаж, тус шалгаруулалтын хураангуй жагсаалтад “Шунхлай Холдинг” ХХК, “Митайм Интернэшнл” ХХК болон “Чайна Уэстэрн Повер Индастриал” ХХК-иуд шаардлага хангаснаар багтсан. Дараагийн уралдаант шатны сонгон шалгаруулалтын баримт бичгийг оролцогчдод хүргүүлж, 08 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагаас өмнө төслийн саналаа ирүүлэхийг хүссэн билээ.
Уралдаант сонгон шалгаруулалтад хоёр байгууллага саналаа ирүүлсэн бөгөөд үнэлгээгээр "Митайм Интернэшнл" ХХК 73 оноо, "Шунхлай Холдинг" ХХК 68 оноог тус тус авсан. Ингэснээр "Митайм Интернэшнл" ХХК нь төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчээр шалгарч, улмаар 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн төр, хувийн хэвшлийн түншлэлд үндэслэн хуулийн мэргэжлийн фирмтэй хамтран гэрээ байгуулах, гэрээний хэлцэл хийх үйл явц ажлын хэсгийн хурлуудаар үргэлжилсэн. Өнгөрсөн 09 дүгээр сарын 26-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас “Митайм Интернэшнл" ХХК-тай түншлэлийн гэрээ байгуулах эрх олгох тухай тогтоолын төслийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьж, хэлэлцүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгасан байна. 
Түншлэлийн гэрээ байгуулагдаж, төсөл хэрэгжсэнээр эрчим хүчний үнийг тогтвортой болгож, дотоодын үйлдвэрлэлийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад хувь нэмэр оруулна.
Улмаар эрчим хүчний дэд бүтцийг сайжруулж, цахилгаан түгээх, дамжуулах байгууламжуудыг шинэчлэх, эрчим хүчний хангамжийг найдвартай болгох, цахилгаан дамжуулах шугамын хүчин чадлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ орчин үеийн ухаалаг эрчим хүчний технологийг нэвтрүүлснээр Монгол Улсын эрчим хүчний салбарт технологийн шинэчлэлийг хурдасгах, цэвэр эрчим хүчний хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой юм.  

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26