Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 93 дугаар захирамжаар “Хүний эрхийг хангах үндэсний 2 дугаар хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргалаар ахлуулан байгуулсан бөгөөд дэд ажлын хэсэгт Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Комиссын Тамгын газрын албан хаагчид ажиллаж байна.
Энэ хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг “Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөр”-ийн төслийг 2025 оны 09 дүгээр сарын 06-19-ний өдөр хүртэл хугацаанд Архангай аймгийн Цэцэрлэг, Завхан аймгийн Тосонцэнгэл, Тэс , Увс аймгийн Улаангом, Баруунтуруун, Ховд аймгийн Ховд, Булган сумын иргэд, олон нийтэд танилцуулж, санал авах ажлыг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Архангай, Завхан, Увс, Ховд аймгийн 7 сумын нийт 335 иргэн оролцож, санал хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд, Орон нутаг хариуцсан хэлтсийн дарга Д.Ёндонжамц нар хөтөлбөрийн төслийг иргэд, олон нийтэд танилцуулав.
Хөтөлбөрийн төсөлд аймаг, сум, багийн түвшинд тулгамдаж буй дараах асуудлуудыг тусгаж шийдвэрлүүлэх санал, хүсэлтээ илэрхийллээ. Үүнд:
• Хүний хөгжил, нийгмийн хөгжлийн асуудлыг хөтөлбөрийн төсөлд хэрхэн тусгасан бэ. Иргэдийг соён гэгээрүүлэх ажил, иргэд рүү чиглэсэн ажил хийгдэхгүй байна. Төрийн албан хаагчид иргэддээ үйлчлэхээсээ илүүтэй бичиг цаасны ажилдаа их дарагдаж байгаад анхаарах;
• Төрийн анхан болон дунд шатанд иргэдээ сонсох, иргэдийн оролцоог дэмжих явдал хангалтгүй, сум, багийн иргэдийн нийтийн болон бусад хуралд ахмад настай хүмүүсээс гадна залуучуудыг оролцуулж, иргэдийн оролцоог тэгш хүртээмжтэй болгох, аливаа асуудлыг хурдан шуурхай, ил тод мэдээлж, мэдэх эрхийг хангах;
• Төрийн албанд намын үзлийг халж, шударга ёс тогтоох, төрөөс ард иргэдтэй хамтарч ажиллах, иргэдээ сонсож тулгамдсан асуудлыг бодлогод шийдвэрт тусгах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг бүрдүүлж, хууль цаазыг шударга болгох, төрийн хяналт шалгалтыг сайжруулах, хээл хахуулгүй нийгэм бүрдүүлэх;
• Төрийн албан хаагч нарын цалин хөлсийг нэмэгдүүлж, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, байгууллагуудад гарч байгаа хүний эрхийн зөрчлийг таслан зогсоож, хүний эрхийг хангах төсөв хөрөнгийг шийдвэрлэх;
• Аймаг, сумын иргэдийн суурь судалгааг зөв гаргаж, түүнд таарсан хүртээмжтэй бодлого хэрэгжүүлэх, үйлдвэрлэл, ажлын байр бий болгох, иргэдийн орлого нэмэгдүүлэх боломж нөхцөлийг судлах, дэд бүтцэд анхаарч хот төлөвлөлтийг сайжруулах, цахилгаан, эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх, дулааны шугам сүлжээнд холбож, сумын төвийн дэд бүтцэд анхаарах;
• Барилга байгууламж, дэд бүтцийн ээлтэй хүртээмжтэй байдлыг сайжруулах, энэ нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй гэлтгүй ахмад настан, хүүхэд, жирэмсэн эмэгтэй, гэмтэл бэртэлтэй хүмүүст ч гэсэн хамаатай тул барилга байгууламжийн зураг төслийн боловсруулахаас эхлээд анхаарахгүй бол нэгэнт батлагдсан ээлгүй зураг төслийн дагуу баригдаж дууссан барилга байгууламжийг комисс хүлээн авахаас өөр аргагүй байдалтай байгааг засаж залруулах;
• Хүүхэд, залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх газар, үзвэр үйлчилгээг нэмэгдүүлэх, хувь хүний хөгжлийг дэмжих бодлого хэрэгжүүлж, оролцоог хангах, иргэдийг сум орон нутагтаа амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх;
• Цахим орчинд хүний нэр төрийг гутаах, архидалт, авлигал, хээл хахууль, ялгаварлан гадуурхалтын хандлага их байгаад анхаарч, иргэд, төрийн албан хаагч нарт зориулсан хүний эрхийн сургалт сурталчилгаа, нөлөөллийн болон соён гэгээрүүлэх ажлыг тогтмол зохион байгуулах;
• Хүн амын өсөлт, эрүүл мэндэд анхаарах, ялангуяа эрүүл мэндийн асуудалтай хүүхэд, ахмад настан, эмэгтэйчүүд нэмэгдэж байгаа, түргэн дуудахаар ирдэггүй, эм тариа байхгүй гэдэг байдлыг халах, эмнэлгийн орчин нөхцөлийг сайжруулах, шинэ тоног төхөөрөмжөөр хангах, чадварлаг эмч баг хамт олныг бүрдүүлж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах;
• Газар өмчлөх, эзэмших эрхээ эдэлж чадахгүй, өвөлжөө, хаваржаа, бэлчээр, хадлангийн газар шийдвэрлүүлэхээр өргөдөл хүсэлт өгдөг ч шийдэгдэхгүй байгаад анхаарч ;
• Төсөв, хөрөнгө оруулалтыг зөв бодитой зүйлд зарцуулах, зарцуулалтын ил тод байдлыг сайжруулах, гүйцэтгэж буй ажлыг богино хугацаанд чанартай хийж гүйцэтгэх, иргэдээ оролцуулж иргэний хяналтыг сайжруулах;
• Олон нийтийн амьдрах орчин нөхцөл тэгш бус байна, ард иргэдийн боловсрол, баян ядуугийн ялгааг арилгах, бензин, хүнс, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, хөөргөдлийг бууруулж, иргэн бүрийн эдийн засгийг тэлсэн бодлого хэрэгжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгч нарыг дэмжиж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуучуудад зориулсан ажлын байрыг нэмэгдүүлэх;
• Хил, гаалийн асуудалд анхаарал хандуулж, хилийн боомтыг хөгжүүлэх, хориотой бараа бүтээгдэхүүн их хэмжээгээр орж ирж байгаад хяналт тавих, эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүн оруулах, хэрэглэж хэвших;
• Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох цогц төлөвлөгөө боловсруулах, байгаль орчинд ээлтэй зөв бодлого хэрэгжүүлэх, усны хомсдол үүсэж байгаатай холбогдуулан мөнх цас, мөсөн гол, ундны усны эх үүсвэрийг хамгаалах, малын тоо толгойг бууруулж, бэлчээрийн зөв менежмент хэрэгжүүлэх, газар тариаланг хөгжүүлэх;
• Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн анги танхим, сурах бичиг, номын хүрэлцээ, сурлагын чанар муу, багшийн дутагдалтай, хэл ярианы бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох эрх хангалтгүй, суралцагч нарын боловсролд анхаарах;
• Оновчтой газар сургууль, цэцэрлэг барих, сургуулийн дотуур байранд их засвар хийх, камержуулах, хүүхдүүдийн номын сантай болгож, хүүхдийн сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулж, дээшлүүлэх;
• Орчны бохирдол, доройтолтой тэмцэх, энгийн болон аюултай хог хаягдал, агаар, ус, хөрсний бохирдол, ундны усны асуудалд анхаарч, нийтийн цэвэрлэгээг зөв зохион байгуулалттай явуулах, хогийн цэгийг цэвэрлэж хашаалах, золбин нохойг устгах, орчны аюулгүй байдлыг хангаж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх; Тухайлбал, дээрх нийтлэг асуудлаас гадна Ховд аймгийн Булган сумын хувьд уул уурхайтай холбоотой нүүрс тээврийн машин сумын төвд орж ирдэг, хог хаягдлыг ил хаягдаг, сумын төвөөр иргэд явганаар зорчиход аюултай нөхцөл байдал үүссэн, өрх болгон хашаандаа гүний худаг гаргаж, нүхэн жорлонтойгоо ойр байдгаас үүдэлтэй гэдэсний халдварт өвчний өвчлөл буурахгүй, нүүрс тээврийн машинаас гарч буй хогны асуудлыг нэгдсэн журмаар шийдвэрлэх шаардлага үүссэн;
• Явган хүний болон унадаг дугуйн зам, гарц, замын тэмдэг, тэмдэглэгээ, камержуулалт хангалтгүй, хүүхдийн парк, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбайг шинээр бий болгох, гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх;
• Эмэгтэйчүүд тэтгэвэрт гарахад хүүхдийн тоо зааж байгааг болиулах;
• Татвар болон банкны хүү өндөр байгаа тул иргэд зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Эд баялагтаа эзэн байх, үнийн хөөргөдөл, эдийн засгийн хүндрэл, ядуурал эмх замбараагүй байдалд анхаарал хандуулж, иргэн бүр үйлдвэрлэгч болох, орлогоо нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох зэрэг саналууд олон удаа давтагдаж байна.