Зэвсэгт хүчний алба хаагчид эргэн тойрондоо бусдын амь насыг авран хамгаалах буянт үйлсийг байгуулдаг бичигдээгүй хуультай билээ.
Энэ удаа ч гэсэн Улаанбаатар хотоос Орхон аймгийг чиглэж явахдаа биеийн байдал нь гэнэт муудаж, ухаан алдсан хүнд өвчтөнд Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн ажилтан албан хаагч Т.Мөнхзул эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлж, авран хамгаалсан байна. Энэ талаар Орхон аймгийн иргэн Ш.Нарангэрэл бидэнд мэдээлэл өгч, талархал илэрхийлсэн юм.
Тэрээр ярихдаа миний хань В.Ганболд улсын гуравдугаар эмнэлэгт хүнд хагалгаанд орсон. Тархинаас ховдлын гуурс холбох хагалгаа. Бид хоёр хагалгааны дараа нэлээд сайхан эмчлүүлээд эмнэлгээс гарах болж, тэр өдрөө гэр рүүгээ явах санаатай замын хөдөлгөөнд оролцсон нь тэр. Улаанбаатар хотоос Эрдэнэт хотыг чиглээд. Гэтэл замдаа гэнэт бие нь муудаж, ухаан алдаж хүнд нөхцөл байдал үүссэн. Охин бид хоёр сандраад замын голд гар өргөхөд нэг эмэгтэй ирээд тусалсан нь Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн ээлжийн сувилагч Т.Мөнхзул.
Ямар азаар сувилагч хүн таарсан юм. Үнэхээр их баярлаж байна. Миний ханийн буян заяа гэж тэр байх даа. Цэргийн ангийн сувилагч охин маань биеийн байдлыг нь нэлээд сайхан тогтворжуулчхаад зам дагуу таарсан эмийн сангаас дусал тариа ч авч хийж, өөрийнхөө машинаар тээвэрлэж Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн. Хүнд хагалгааны дараа хөдөө замд гарах осолтой юм байна. Гэхдээ л ийм сайхан ачтай бүсгүй таарсанд үнэхээр талархаж байна" хэмээгээд Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт хүртэл эргэж тойрч, асууж сураглаж байсныг бахархан ярилаа.