“Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн 2025–2026 оны хичээлийн жилийн “Говийн оюу – Оюутны тэтгэлэг” хөтөлбөрт шалгарсан оюутнуудын тэтгэлгийн батламжийг гардуулах ёслол 2025 оны аравдугаар сарын 5-ны өдөр болжээ.
Ингэснээр “Оюу толгой” компани нийт 1,263 оюутан, залуусыг дотоодын болон гадаадын их, дээд сургуульд суралцахад нь сургалтын төлбөрийн бүрэн тэтгэлгээр дэмжээд байна.
Энэ хичээлийн жилд “Говийн оюу – Оюутны тэтгэлэг”-т 133 оюутан хамрагдаж байгаа бөгөөд тэднээс 66 нь шинээр шалгарч, 67 оюутан сургалтын амжилтаа хадгалснаар гэрээгээ сунгуулсан байна.
2016 оноос хэрэгжиж эхэлсэн тус тэтгэлэг нь эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, мэдээллийн технологи, барилга, уул уурхайн инженерчлэл, хөдөө аж ахуй, нийгмийн салбар зэрэг Өмнөговь аймагт шаардлагатай мэргэжлээр суралцагчдыг дэмждэг. Энэ хугацаанд 2 тэрбум төгрөгийн сургалтын төлбөрийн бүрэн тэтгэлэг олгож, оюутнуудын сурлагын амжилтад бодит тус дэм болжээ.
Түүнчлэн хөтөлбөрийн хүрээнд тэтгэлэг хүртсэн оюутнуудын 85 хувь нь төгсөөд өөрийн мэргэжлээрээ ажиллаж, Өмнөговь аймгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа нь тус хөтөлбөрийн үр дүнг илтгэж байна.
Боловсролыг дэмжсэн өргөн хүрээний хөтөлбөрүүд
“Оюу толгой” компани залуучуудын боловсрол, чадавхыг дэмжих зорилгоор дараах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
Дотоодын тэтгэлэгт хөтөлбөр: Монголын их, дээд сургуульд уул уурхайн болон бусад чиглэлээр суралцаж буй оюутнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлдэг.
Гадаадын тэтгэлэгт хөтөлбөр: Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад уул уурхайн чиглэлээр суралцах оюутнуудад тэтгэлэг олгодог.
Шинэ төгсөгчийн хөгжлийн хөтөлбөр: Их сургууль төгссөн залуусыг мэргэжлээрээ ажиллах, туршлага хуримтлуулахад дэмжлэг үзүүлдэг.
Дадлагажигч оюутны хөтөлбөр: Оюутнуудад “Оюу толгой”-н орчинд мэргэжлийн дадлага хийх боломж олгодог.
Залуусын хөгжлийн хөтөлбөр: Ахлах ангийн сурагчдын ур чадвар, хичээлээс гадуур хөгжлийг дэмждэг.
Эдгээр хөтөлбөрүүд нь боловсролоор дамжуулан залуусыг чадавхжуулах, улмаар орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах “Оюу толгой”-н урт хугацааны бодлогын нэг хэсэг юм.
“Говийн оюу хөгжлийг дэмжих сан” – Орон нутгийн хөгжлийн түлхүүр
“Оюу толгой” компани 2015 онд Өмнөговь аймгийн Ханбогд сумтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, уг гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-г (ГОХДС) байгуулсан. Тус сан нь Ханбогд, Баян-Овоо, Манлай, Цогт-Овоо, Даланзадгад зэрэг сумдын тогтвортой хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, үр ашигтай хэрэгжүүлэх чиглэлээр ажилладаг.
2015 оноос хойш “Оюу толгой” компани жил бүр 5 сая ам.долларын санхүүжилт олгож ирсэн бөгөөд энэ хугацаанд нийт 160 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Өмнөговь аймагт хийжээ.
Энэ хөрөнгө оруулалтын дийлэнхийг боловсролын салбарт чиглүүлж, сургууль, цэцэрлэгийн барилга барих, тохижуулах, тоног төхөөрөмжөөр хангах, багш нарыг чадавхжуулах сургалт зэрэг ажлуудыг дэмжсэн байна.