Dark Light
Нийгэм | 2025-10-06

ХӨӨГСӨД БА ХӨӨГДӨГСӨД

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Гэр тойроод гүйлдэж яваа багш, шавь хоёрын хэн нь хэнийгээ хөөгөөд байгаагаа сүүлдээ мэдэхээ байсан шиг юм улс төрд болж байна. МАН-ын Хяналтын хороо Б.Энхбаярыг намаасаа хөөсөн. Би нүүрсчдэд хөөгдөхгүй, нүүрсчдийг эх орноосоо хөөнө гэсэн. Б.Энхбаяр  эхлээд УИХ-ын даргыг Бортээгийн орд руу хөөсөн. Хяналтын хороо нь Б.Энхбаярыг намаасаа хөөлөө гэтэл Хуулийн сайдын сандал руу хөөчихсөн. Ерөнхий сайд нь Б.Энхбаярыг Ерөнхийлөгч, УИХ-ын чуулган руу танилцуулахаар хөөсөн. Б.Энхбаяртай танилцах тов байхгүй гэж УИХ-ын Тамгын газар буцаагаад хөөсөн. Ерөнхий сайдын бүрэн эрхийг хөөж болохгүй гэж сайд нар хөөцөлдсөн. УИХ-ын 8 гишүүн биднийг ч бас хөөвөл хөө гэсэн. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Б.Энхбаярыг шүүх рүү хөөсөн. Б.Энхбаяр нь УИХ-ын даргаа АТГ-руу хөөсөн.
Л.Мөнхбаатар гэдэг хуулийн сайдтай байснаа хөөгдөж буухад нь хөөн хэлэлцэж танилцсан. 
МАН-ынхан бие биеэ манартал мэнэртэл хөөж байтал АН-ынхан УИХ-ын даргыг хуралдаан удирдах эрхээс нь хөөсөн. АН-ын  дарга бүлгээ УИХ-ын танхимаас өөрөө урд нь гараад өрөө өрөө рүү нь хөөсөн. Буянгийн Жагаа “Э” үсгийг цагаан толгойгоос хөөсөн. Буянгийн Жагаа “Хангай” зочид буудлынхаа хаягдсан байшин руу хөөгдсөн. Хөөлт нь газраас хөөрөөд МАН-д жигүүр ургаж, Хяналтын хороогоо хөөсөн. Намын Бага хурал нь Их хурал руугаа хөөгдсөн ч юм шиг Бага хурал нь Их хурлаа хөөсөн ч юм шиг хөөсөн, хөөгдсөн, хөөснөөс хөөгдөгч нь буцаагаад хөөж байна. Нэг хэсэг Бага хурлын оролцсон 442 гишүүний 275 нь гуравны хоёртоо хүрэхгүй тул Улсын дээд шүүхэд очоод хөөгдөнө гэж хэлсэн. Нөгөө хэсэг нь тооллогын комисс журам гаргаад, Бага хурлаараа батлаад хөөгдөхгүй байж болно гэж мэдэгдсэн. 
Өмнөх дарга Л.Оюун-Эрдэнийн Ардын нам, Ардын засаг мандтугай гэсэн өөртөө дурласан,  өөрийгөө магтан дуулсан өргөдлөө өгөөгүй байхад дараагийн даргын санал хураалт явуулсан нь гурван хүн нэг сандал дээр түр шахцалдан сууж, бие биеэ хөөсөн нь буруу тул бүгдээрээ шүүхээс хөөгдөнө гэж хөөцөлдөхөөр болсон.
Мэдэгдэл, мэдэгдлийн хариу мэдэгдэл, мэдэгдлүүдийн эсрэг мэдэгдлүүдээрээ бие биеэ хөөж байна. Сэтгүүлчид микээ бариад ордонд улс төрчдийн араас хөөгөөд гүйж байна. 
Магнаг үсэгтэй тугийг ээ
Магнай дээрээ
Мандуулсан юм хө хө хө...
Ингэхэд хө юм уу, хөөөө юм уу. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26