Dark Light
Нийгэм | 2025-10-06

ЗООРЬ, АГУУЛАХЫН БАГТААМЖИЙГ 2800 ТОННООР НЭМЭГДҮҮЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
ХХААХҮЯ-ны газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, тус газрын шинжээч Б.Уранчимэг, Сэлэнгэ аймгийн ХХААГ-ын хамтарсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн долоон суманд баригдаж буй хүнсний ногооны механикжсан, хөргүүртэй агуулахын барилгын явцтай газар дээр нь танилцлаа.
 
Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар төмс, хүнсний ногоог хадгалах зориулалттай 305 мянган тонн хүчин чадал бүхий 5989 зоорь ашиглагдаж байна. Гэсэн хэдий ч хүн амын хүнсний ногоо, төмсний хэрэглээ болон хураан авч буй ургацын хэмжээг харьцуулахад нэмэлтээр 170 мянган тонн багтаамжтай зоорь, агуулах шаардлагатай байгаа юм.
 
Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах тухай Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолын хүрээнд 2023-2024 онд нийт 33 мянган тонн багтаамжтай агуулах, зоорины хүчин чадлыг нэмэгдүүлсэн.
 
Харин 2025 оны улсын төсөвт 13.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тусгагдсан бөгөөд энэ хүрээнд Сэлэнгэ аймгийн Орхон, Мандал, Баянгол, Шаамар, Хушаат, Жавхлант, Зүүнбүрэн сумдад нэг загвар, нэг төсвөөр төмс, хүнсний ногооны 200 болон 500 тонн багтаамжтай агуулахуудын барилгын ажил явагдаж байна. Барилгын гүйцэтгэл 70 хувийн явцтай байгаа юм.
 
Эдгээр агуулахууд ашиглалтад орсноор нийт 2800 тонн багтаамжтай, жилийн дөрвөн улиралд ашиглах боломжтой механикжсан хөргүүртэй хадгалах орчин шинээр бүрдэнэ. Ингэснээр дээрх сумдын ногоочид ургацаа улирал харгалзахгүй хадгалж, борлуулах боломжтой болох төдийгүй хүнсний ногооны хадгалалт, ангилалт, савлалт болон нэмүү өртөг шингээх үйл ажиллагаанд дэвшил гарах боломжтой болох юм.

Эх сурвалж | ХХААХҮЯ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26