Монгол Улс болон Бүгд Найрамдах Сингапур Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын ажиллагаа шинэ шатанд гаргах хэлэлцээрийг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар нар Сингапурт хийлээ.
Тодруулбал, “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Сингапур Улсын Засгийн газрыг төлөөлж Тогтвортой байдал, хүрээлэн буй орчны сайд хатагтай Грэйс Фү, Худалдаа, аж үйлдвэрийн сайд ноён Ган Ким Ён нар “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр”-т гарын үсэг зурав.
Энэхүү хэлэлцээрийн хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ногоон, тогтвортой хөгжлийг дэмжих томоохон төслүүдийг хэрэгжүүлэх юм.
Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа 30.3 хувиар бууруулахаар “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC) 3.0” шинэчилсэн зорилтоо батлаад байгаа бөгөөд энэхүү зорилтод бодитоор хүрэхийн тулд олон улсын болон дотоодын санхүүжилтийн эх үүсвэрээс гадна Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн хүрээн дэх хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа чухал шаардлагатай юм.
Хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах Сингапур Улсын хөрөнгө оруулалтаар сэргээгдэх эрчим хүч (ус, салхи, нар), эрчим хүчний хэмнэлттэй технологи, хог хаягдлын менежмент, ойжуулалт, эрчимжсэн хөдөө аж ахуй, байгаль орчны нөхөн сэргээлт, тогтвортой дэд бүтэц зэрэг олон төрлийн карбон төслүүдийг хэрэгжүүлэх ба үүний үр дүнд ногоон шилжилтийг дэмжээд зогсохгүй Монгол Улсын валютын урсгал нэмэгдэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжиж, олон улсын карбон кредитийн системд Монгол Улсын хувийн хэвшил, төсөл хэрэгжүүлэгчдийн оролцоо нэмэгдэх нөхцөл бүрдэх юм.
Гарын үсэг зурах ёслолын үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар "Сингапур Улсын уур амьсгалын санхүүжилт болон Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийг хэрэгжилтийн олон улсын манлайлал, прагматик туршлагыг бид өндрөөр үнэлэхийн зэрэгцээ энэхүү хэлэлцээр нь Монгол Улсын ногоон, тогтвортой хөгжлийн шилжилтийг бодитоор дэмжих, цаашлаад дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн зорилтод чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Манай хоёр улс хамтдаа хөгжиж буй болон хөгжингүй орнуудын итгэлцэл, ил тод байдал, технологийн хамтын ажиллагаагаар хэрхэн хамтран ажиллаж болохыг харуулна гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.
Тэрээр мөн “Монгол Улсын НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн конвенцын хүрээнд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, Парисын хэлэлцээрийн зорилтод хүрэхэд энэхүү түншлэл бодит хувь нэмэр оруулах болно” хэмээн дурдав.
Энэхүү хэлэлцээр нь хоёр орны стратегийн түншлэлийн хүрээг өргөжүүлж, ногоон шилжилтийг бодитоор дэмжих чухал алхам боллоо.