Dark Light
Нийгэм | 2025-10-07

ЭМИЙН ҮНИЙГ ИЛ ТОД МЭДЭЭЛЭХ СИСТЕМИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Үйлдвэрээс иргэдийн гар дээр очих хүртэл нийлүүлэлтийн бүх шатанд ил тод, хүртээмжтэй байлгах цахим нэгдсэн системийг танилцуулах арга хэмжээ боллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нэгдсэн системийг танилцуулсан юм.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн салбарын томоохон хэсэг болох эмийн чанар, үнийн асуудалд түр хороог ахлан ажиллаж эмийн хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Үүнтэй холбоотой цахим шилжилтийн системийг танилцуулж байна. Гол зорилго нь эмийн үнийн хяналтыг ард иргэдийн хяналтад оруулах гэсэн чухал мэдээллийг хүргэнэ. Тус системд одоогийн байдлаар 2605 эмийн сан, Монгол улсад бүртгэлтэй нийт эмийн жагсаалтаас худалдаанд идэвхтэй ашиглаж байгаа 2565 үнийн мэдээллийг газарзүйн байршлаар иргэнд ил тод харуулах систем юм. Вэбсайтад суурилсан мэдээллүүд нь тухайн эмийн хэрэглэх заавар, найрлага, эмийн хэлбэр, тун хэмжээ, үйлдвэрлэгч, олгох нөхцөл, хориглох заалт гэх зэрэг бүх мэдээллийг худалдаанд байгаа хайрцгийн зурагтайгаа хамт харагдана. Монгол Улс даяарх эмийн сангуудын байршил, үнийн мэдээлэл, утас, цагийн хуваарь, сүүлд борлуулсан огноо зэргийг харж болно. Эмийн сангуудад үнийн өсөлт эрс ялгаатай худалдаалагдаж байгааг иргэн та өөрөө хянах боломжтой болж байна. Энэ бол маш чухал. Нэг метрийн радиуст хаана, ямар эмийн сан байгааг мөн яаж очих чиглэлийг зааж өгнө. Ханиад, томуутай энэ үед өөрт хэрэгцээтэй эмүүдийг вэбсайтаар дамжуулан олох боломжтой. Уг системийг Эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн хөгжлийн төв, эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, эрүүл мэндийн даатгал, сангийн яамны харьяа санхүүгийн мэдээллийн технологийн газар, санхүүгийн мэдээллийн төв хороо, 2600 гаруй эмийн сан, арван эмийн сангийн посийн систем хөгжүүлэгч, аймаг нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор нэг сарын хугацаанд хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүллээ. Эдгээр байгууллагуудад эрүүл мэндийн яам тусгайлан талархсанаа илэрхийлье.  
Мөн гар утасны и-баримт апплекейшны эрүүл мэнд цэсээр дамжуулан эмийн байршил, мэдээллийг харах боломжтой. Өнөөдрөөс эхэлж ашиглалтад гарлаа. И-монголиа, и-баримт зэрэг платформуудын суурин дээр хийгдлээ. Ингээд манай иргэдэд эмийн мэдээлэл ил тод боллоо. Мэдээлэл, заавартайгаа сайн танилцаарай. 
Эрүүл мэндийн сайд танилцуулгын дараа цаг үеийн асуудалтай холбоотой асуултуудад хариуллаа. 
-Хяналтыг хэрхэн хийх вэ?
Хувь хүн мэдээлэлтэй байх чухал. Нэгэнт Монгол Улсад борлуулах эрхийг олгосон учраас бүгд чанартай, горимоо хадгалдаг гэж үзэж болно. Эмийн чанарыг шалгадаг лавлагаа лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлж ирэх оны хавар гэхэд Монгол улсад шалгадаг болгох тогтолцоо ажилласаар байгаа. Бид бүгд хяналт тавих боломжтой болсон учраас үнийн хяналттай болж байна. Хувийн эмийн сангуудад үнийн санал тавих боломжгүй. Харин иргэн та өөрөө хяналт тавих боломжтой юм. Түмэн олны хараанд байж, ичдэг тогтолцоонд оруулж байна. Үүгээр дамжуулаад үнэ тогтворжино. Сарын дараа дахин хянахад бүгд ойролцоо үнэтэй болсон байна. 
-Эрүүл мэндийн даатгалын сан санхүүжилт зогссон учраас зарим эрүүл мэндийн үйлчилгээ тасалдаад байгаа. Үүнийг хэрхэн шийдэхээр ажиллаж байна вэ?
Монгол Улс вакцины худалдан авах үйл ажиллагаа дэлхийн эрүүл мэндийн байгууллагын харьяа ЮНЕСП-аар дамжуулж нэгдсэн худалдан авалтаар авдаг. ЮНЕСП нь дэлхий даяар зарагдаж буй сайн чанартай эмийг нэг үнээр аваад бусад 190 гаруй орнуудад хүсэлтийнх нь дагуу худалдаалах боломжийг олгодог. Бид үүнийг алгасаад шууд үйлдвэрлэгч компанитай гэрээ хийсэн нь алдаа байсан. ЮНЕСП-тэй харилцаа буцаж сэргээд хамтран ажиллаж байгаа. Харин шаардлагатай нэгдсэн худалдан авалтад чанартай, үнийг боломжийн болгох хэлэлцээрт ороогүй эм байх юм бол харьцуулалтын аргаар үйлдвэрлэгчээс авах ёстой. Манайд хаа сайгүй хулгай байна. Цоорхой шанагаар урсаад байна. Үүний цоорхойг оёно, нөхнө. Бид 2025 онд зарцуулах ёстой байсан 615 тэрбум төгрөгөө 2024 оны өрөнд төлсөн. Ингэж үргэлжилдэг гинжин хэлхээг зогсооно. Даатгалын ерөнхий газрын даргыг сольдог нь түр хугацаанд томилсон зүйл. Эрүүл мэндийн яам сонгон шалгаруулалтын шаардлагаа засгийн газрын хэрэг эрхлэхэд хүргүүлсэн. Ингээд сонгон шалгаруулалт зарлагдана. Санхүүжилтээ тооцож чаддаг, эмнэлэг, эдийн засгаа мэддэг хүн тавимаар байна гэдэг хүсэлт өгсөн. Гүйцэтгэл, чанарын хяналтын тогтолцоогоо хийж чадаагүй болохоос эрүүл мэндийн салбар хэн сайн ажилласан, гүйцэтгэсэн эмнэлэг л илүү санхүүжилт авдаг, хөгждөг тогтолцоо руу орж байгаа. Энэ бол дэлхийн тогтолцоо юм. 
-Эм эмнэлгийн хэрэгслийн нөөц ямар байгаа вэ?
Монгол Улсын хилээр орсон бүх эм эмнэлгийн хэрэгсэл бүртгэлд орно. Тэдгээр нь ямар хэмжээтэй, дуусах хугацаа, байршил зэрэг мэдээллүүд нэгдсэн платформд бүгд бүртгэгдээд явна. Энэ ажил шат дараатай явж байгаа. Өнгөрсөн хугацаанд явуулсан үзлэг нь эрт илрүүлэг гэхээс илүү эрүүл мэндийн үзлэг явагдсан. Дараагийн шатанд илүү оновчтой, ухаалаг, бодит үнэ, хувь болон улсын эмнэлэг хийх сонирхолтой, амь насанд аюултай өвчнийг эрт илрүүлэх тогтолцоог хэрэгжүүлэхийг зорьж байна. Аравдугаар сарын 15-нд нэгдсэн байдлаар хийх ажлын мэдээллээ өгнө. 
Өнөөдөр даатгалын мөнгө хүрэхгүй, цалингаа тавьж чадахгүй дээрээ тулчихсан нөхцөлд ядаж бид олон хүнийг эрт илрүүлбэл нэгт, бүрэн эдгэрнэ хоёрт, эмчилгээний зардал бага байх боломжтой юм. Ухаалаг ажиллах хэрэгтэй байна. Санхүүгийн сахилга баттай байсан бол цалин нэмэх боломжтой байсан. Биологийн нэмэлт бүтээгдэхүүнүүд дээр зөвшөөрөл хэт хавтгайрснаас болж чанар хангаагүй нэмэлт бүтээгдэхүүн байгаа нь үнэн. 
Б.ОРГИЛМАА

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26