Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нар болон дүүргүүдийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга нартай уулзалт хийлээ. Уулзалтаар ирэх жилийн дүүргүүдийн төсвийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар хэлэлцсэн юм.
Энэ жилийн дүүргүүдийн төсвийн хөрөнгө оруулалтын тайланг эхний есөн сарын байдлаар гаргахад:
Сүхбаатар дүүрэг 88.6 хувь
Баянгол дүүрэг 80.6 хувь
Баянзүрх дүүрэг 91.4 хувь
Чингэлтэй дүүрэг 91.7 хувь
Хан-Уул дүүрэг 81.7 хувь
Сонгинохайрхан дүүрэг 79.7 хувь
Налайх дүүрэг 100 хувь
Багануур дүүрэг 97 хувь
Багахангай дүүрэг 100 хувийн тус тус гүйцэтгэлтэй байгааг НЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах танилцууллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Ирэх жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хуучин уламжлалт төсөв зохиодог хэлбэрээсээ татгалзаж, хэт өөдрөгөөр төлөвлөхгүй байхыг анхааруулж байна. Явган хүний зам, нийтийн эзэмшлийн зам талбайг нэг стандартын дагуу барьж, үр дүн гаргамаар байна. Мөн дүүргүүд газар чөлөөлөлтийн сантай хамтарч газар чөлөөлөлт хийж, ногоон байгууламж болон гэр хорооллыг орон сууцжуулах төслүүдийг эрчимжүүлэх шаардлагатай” гэв.
Мөн энэ уулзалтын үеэр дүүргийн Засаг дарга нар тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэж, ирэх жилийн төсвийн хөрөнгөөр төлөвлөж буй ажлуудаа танилцууллаа.