Dark Light
Нийгэм | 2025-10-07

ИХРҮҮД УРГАЦЫН ТАЛБАЙД УУЛЗАЛДАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хорвоод хосоороо ирсэн ховорхон заяаны эзэд ургацын талбайд уулзалджээ. Учир нь эр хүний эх орныхоо өмнө хүлээсэн үүргийг биелүүлэхээр ихэр залуус өөр өөрсдийн саналаар Зэвсэгт хүчний 186, 336 дугаар ангиудад хугацаат цэргийн албаа нэр төртэй хааж байгаа бөгөөд тэд харин саяхан ургацын талбайд уулзалдсан байна. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу Зэвсэгт хүчнийхэн намрын ургац хураалтад манлайлан оролцож байгаа учир байлдагч Өлзийбатын Батмөнх (336), байлдагч Өлзийбатын Төрмөнх (186) нар анги ангийнхаа онжавуудтай Сэлэнгэ аймгийн Орхон суманд ийн тааралдсан байна. Тэд царай төрх, бие хаа, нүүрний баясгалангаараа тун чиг төстэй санж. Ихрүүд хуучлахдаа “Цэргийн албанд их зүйл сурч байна. Цэргийн хэргийн эрдэм мэдлэгээс гадна хувь хүний хөгжил, амьдралд хэрэгцээтэй зүйлсийг зааж, сургадаг юм байна. Наад зах нь хүнээс үг сонсох чадвар, гүйцэтгэх чадвар гээд нэрлэж болно. Бид хоёр өөрсдийгөө цэрэгт ирэхээс өмнөх ихэр, дараах ихэр гээд асар их ялгаа гарсан гэж боддог” гэлээ. Анх цэргийн зарлан ирэхэд нь нэг нь үлдээд гэрийнхэндээ тусалъя хэмээн хоорондоо ярилцсан ч тэд “Цэргийн албаар дамжсан хүн эр хүн болж төлөвшдөг юм” гээд цугтаа цэргийн албанд нь мордуулсан гэнэ. Албандаа ирээд тус тусдаа онжавуудтай, нөхөрлөлийн хүрээ их өргөн болсон гэцгээж байлаа. Намрын ургац хураалтыг нуруун дээрээ үүрч яваа цэргийнхэнд тариалан эрхлэгчид төдийгүй Монгол Улсын төр, засгийн удирдлагууд ч талархал илэрхийлсээр байна. Эх орныхоо хөрсөнд ургасан эко бүтээгдэхүүнээр ард түмнээ хангахад цэргийнхэн онцгой үүрэг гүйцэтгэж байгаа нь энэ юм.


Эх сурвалж | Хуурай замын цэрэг
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26