Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2025.10.07/-ийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн явцад төсвийн зардлын ач холбогдлыг эрэмбэлж танах, танасан төсвөөрөө төрийн албан хаагчдын цалинг инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх, хот байгуулалт чиглэлд 220 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт зарцуулахаар төсөвлөсөн ч "20 минутын хот" хөтөлбөрийг УИХ-д өргөн барьж, батлуулахгүй байгааг УИХ-ын гишүүд шүүмжилсэн. Мөн Баялгийн сангийн орлогыг бүрдүүлдэг АМНАТ-ын асуудлыг судалгаа, тооцоололтой төсөвт суулгах зэрэг саналуудыг гишүүд хэлж байв.
Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж, 65.2 хувийн саналаар гишүүдийн олонх дэмжлээ. Тухайлбал, нийслэлд ачаалал нь хэтэрсэн 108 сургууль, 95 цэцэрлэг байна. Зээлийн хөрөнгөөр ирэх онд 48 сургууль барихаар төлөвлөсний 18 нь нийслэлд, 24 нь орон нутагт байна. Иймд, нийслэлд нэн шаардлагатай 40 сургуулийг барих саналыг гишүүд хэлэв. Сургууль, цэцэрлэг, эрүүл мэнд, онцгой байдал, хөдөө аж ахуйн салбарт барих барилга байгууламжийг хаана барих, дарааллаа зөв тогтоох шаардлагатай гэв.
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг дэмжиж, иргэдийн бодит орлогыг хамгаалах хүрээнд инфляцыг дунд хугацаанд 5 хувийн (+/-2 нэгж хувийн интервалтай) орчимд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг зэх зээлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлнэ. Уг бодлогыг хэрэгжүүлэхдээ инфляцын одоогийн голч зорилт болох 6 хувийг 2027 онд 5 хувь болгон бууруулахаар тооцжээ. Гишүүдийн зүгээс инфляцыг тогтвортой барих, зээлийн хүүг бууруулах, гадаад, дотоодын эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан мөнгөний бодлогоо гаргах шаардлагатай гэлээ.