Dark Light
Нийгэм | 2025-10-07

МОНГОЛ УЛС 2026 ОНД "КАРЕК"-ИЙГ АХАЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Эдийн засаг, хөгжлийн яам нь Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа хөтөлбөр (КАРЕК)-ийг Монгол Улс 2026 онд ахлахтай холбоотойгоор Азийн хөгжлийн банкны КАРЕК хөтөлбөрийн дарга хатагтай Лязиза Сабирова болон албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын хүрээнд КАРЕК хөтөлбөрийн 2026 оны тэргүүлэх чиглэл, гол санаачилгууд, Сайд нарын бага хурлын сэдэв, хөтөлбөр, боломжит хэрэгжүүлэх шинэ санаачлагуудын талаар санал солилцов.
Хөтөлбөрийн хүрээнд Төв Азийн бүс нутгийн Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хэлэлцээрт нэгдэх, бүс нутгийн чухал ашигт малтмалын нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх, Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэх, КАРЕК бүс нутгийн хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, хил дамнасан худалдааг хөнгөвчлөх бүс нутгийн дижитал коридорт нэгдэх зэрэг санаачлагуудыг хэлэлцсэн.
Эдгээр санаачилгууд нь бүс нутгийн эдийн засгийн интеграц, тогтвортой хөгжил, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байгаа болно.
Мөн Монгол Улс Азийн авто замын сүлжэний II буюу Европ руу чиглэсэн коридорт нэгдэх асуудлыг идэвхижүүлэх, ус-эрчим хүчний уялдаа холбоо, дижитал хөгжлийн бүх үйл ажиллагаанд идэвхтэй оролцох сонирхлоо илэрхийлсэн.
КАРЕК-ийн 25 жилийн ойг тохиолдуулан Монгол Улс 2026 онд болох Сайд нарын бага хурлыг даргалах хүрээнд бүс нутгийн шинэ санаачилгуудыг баталгаажуулах, өндөр түвшний оролцоог хангах зорилготой гурван үе шаттай төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр тохиролцов.
КАРЕК хөтөлбөрт Монгол Улс 20 гаруй жилийн турш идэвхтэй гишүүнээр ажиллаж ирсэн бөгөөд энэ удаагийн уулзалт нь бүс нутгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал алхам боллоо.
КАРЕК хөтөлбөрийн тухай товч танилцуулга:
Монгол Улс 2003 онд CAREC хөтөлбөрт нэгдсэн бөгөөд тээвэр, худалдаа, эрчим хүч, хил дамнасан хамтын ажиллагаа зэрэг салбарт олон улсын хөрөнгө оруулалттай төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
2024 оны 12-р сарын байдлаар Монгол Улсад КАРЕК хөтөлбөртэй холбоотой нийт 19 төсөлд 1.4 тэрбум ам.доллараас дээш хөрөнгө оруулалт хийгдсэн байна.
Үүнээс 978 сая ам.доллар (66%) нь тээврийн салбарын 12 төсөлд зарцуулагдсан бөгөөд эдгээрийн 9 төсөл нь Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй хэрэгжсэн юм.
Монгол Улсад хэрэгжсэн онцлох төслүүдэд Баруун бүсийн авто замын төсөл, хил нэвтрэх цэгүүдийн шинэчлэл, эмнэлгийн үйлчилгээ сайжруулах, зам засварын төсөл гэх мэт болно.
КАРЕК-ийн хөрөнгө оруулалт нь Монголын дэд бүтэц, худалдаа, ногоон хөгжил, бүс нутгийн интеграцчлалд чухал хувь нэмэр оруулж байна.

Эх сурвалж | Эдийн засаг, xөгжлийн яам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26