Олон нийтийн сүлжээнд “Nasan bro” гэх хаягаас утас, Ipad зэрэг эд зүйлсээ алдсан хэмээн нийтэлсэн иргэн А.Батнасантай ярилцлаа.
Тэрбээр “Энэ оны есдүгээр сарын 22-ны өглөө 06:00 цагийн орчимд 0222 улсын дугаартай цэнхэр өнгийн “Приус” загварын автомашинтай хүмүүст гар утас, iPad зэргийг дээрэмдүүлсэн, цагдаа нар хайж байна гэж буй ч олж чадахгүй өдий хүрлээ. Лизингээ дөнгөж төлж дууссан байсан, надад чухал тул гар утсыг минь өгөөч” хэмээн бичлэг хийж тавьсан байдаг.
Түүнтэй холбогдохоор янз бүрээр оролдсон ч утсаа алдсан тул холбогдох боломжгүй, найзуудаар нь дамжуулан холбогдлоо. Ийнхүү гэрт нь очиход баригдаж буй барилгын хашаанд таван ханатай гэр барьсан, галаа түлээгүй сэрүүхэн сууна. Яагаад галаа түлэхгүй байгааг лавлахад “Одоохондоо гадаа тийм ч хүйтрээгүй байна шүү дээ” хэмээн инээмсэглэнэ. А.Батнасан энэхүү гэрээ барьж, тусдаа гараад хоёр сар гаруй л болж байгаа ажээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Тухайн үед яг юу болсон юм бэ?
-Есдүгээр сарын 22-ны өглөө үүрийн 06:00 цагт ipad-аа зарах гэж байгаад утастайгаа хамт дээрэмдүүлсэн. 30 орчим насны хоёр эмэгтэй, гурван эрэгтэй байсан. Миний тавьсан зарын дагуу чатаар холбогдоод ирсэн. Холбоо барьж байсан хаяг нь байхгүй болсон, олдохгүй байгаа. Тухайн үед шилжүүлгийн хуулга харуулсан ч миний утсанд мэдэгдэл ирэхгүй байсан. Утсаа гаргаж ирсэн чинь, кодыг нь гарга гээд толгой руу цохиж эхэлсэн. Хоёр эрэгтэйг нь бариад автал "Ямар шазруун бацаан бэ" гээд хутга тулгасан. Дараа нь утасны мэдээллээ өг, банкны кодыг хүртэл авсан. Энэ бүхэн машин дотор нь болсон.
-Яагаад өглөө эрт авахаар болсон бэ?
-Тухайн үед би унтаагүй байсан. Хувийн хэрэгцээнд мөнгө яаралтай хэрэгтэй байсан болохоор зар оруулсан. Утсаа лизингээр аваад дөнгөж төлж дуусгасан. Төлж дуусгахын тулд барилга, харуул хамгаалалт зэрэг олон ажил хийсэн.
-Ямар утас байсан бэ?
-iphone 16 pro max
-Цааш юу болсон бэ?
-Машинтайгаа авч яваад улиастайн ч билүү нэг уланд жийж унагаагаад шороо цацаад яваад өгсөн. Эхлээд их айж, балмагдсан. Битгий ингээ ч гэж гуйсан боловч огт тоогоогүй. Тэгээд шууд уулнаас бууж ирээд, Баянхошуунд байрладаг цагдаагийн хэлтэст мэдэгдсэн.
-Цагдаа гомдлыг хүлээж авсан уу?
-Тухайн өдрөө хайгаад өнгөрсөн.
-Тэдгээр хүмүүс согтуу байсан уу?
-Үгүй, бүгд эрүүл байсан.
-Өмнө нь иймэрхүү халдлагад өртөж байв уу?
-Үгүй
-Машинд нь явж байхад тэдгээр хүмүүс өмнө нь адил төрлийн гэмт хэрэг хийж байсан гэж ажиглагдсан уу?
-Тухайн үед анзаараагүй. Нийгмийн сүлжээнд пост оруулснаас хойш хоёр, гурван хүн холбогдсон. Эрэн хайж байгаа юм байна лээ.
-Цагдаагаас ямар мэдээлэл өгсөн бэ?
-Хяналтын камерууд шүүж байгаа, олдоно гэж хэлсэн.
-Энэхүү гэрээ бариад хэр удаж байгаа вэ?
-17 настайгаасаа хойш ганцаараа амьдарч байна. Нийтийн байр, харуул хамгаалалт гээд амьдарч байсан.
-Насанд хүрээгүй болохоор ажил олдохгүй хэцүү байсан байх?
-Тухайн үедээ 21 гэж хэлээд уурхайд харуул хамгаалалтын ажил хийж байсан.
-Ойр дотны тусалдаг хүн байдаг уу?
-Ганц найз байгаа. Наймдугаар ангиасаа найзалж байгаа. Би хүмүүстэй ярилцаад байдаггүй. Ганцаараа тайван байхыг илүүд үздэг. Ээж уг нь байдаг. Гэхдээ тоодоггүй амьдралдаа ганцхан удаа л харж байсан.
-Одоо хийж байгаа ажил бий юу?
-Байхгүй. Барилга зам гэх мэт хааяа цагийн ажил хийдэг. Дунджаар өдрийн 70-100 мянган төгрөгийн цалинтай байдаг. Одоо утасгүй болохоор ажил хийх боломжгүй болсон.
-Амьдарч байгаа хашаа, байшин нь өөрийнх чинь үү?
-Гэрээ өөрөө авсан. Айлын хашаанд түр байгаа. Ганцаараа амьдардаг болохоор өөрийгөө болгоод байдаг юм. Даанч ийм зүйл тохиолдчихлоо.
-Пост оруулахад нь хүмүүс яаж хүлээж авсан бэ?
-Хүмүүс дэмжиж хүлээж авсан. Гэр чинь хаана вэ, хүрээд ир, тусалъя гэсэн хүмүүс зөндөө байсан. Хандив өгсөнд баярлалаа.
-Ирээдүйд ямар хүн болохыг хүсдэг вэ?
-Өөрийн гэсэн хашаа, гэртэй болж, тоглоомын стрийм хийх мөрөөдөлтэй. Утсан дээрээ стрийм хийдэг байхад хүүхдүүд нэлээн үздэг байсан.
-Бага насаа хаана өнгөрүүлсэн бэ?
-Шарга морьтын Хар гүнт гээд асрамжийн газруудаар явж өссөн.
-Ээжтэйгээ нэг л удаа уулзсан гэлээ. Ээжтэйгээ уулзахад ямар байсан бэ?
-Жаахан эвгүй байсан. Асрамжийн газраас явахад хүүхдийн мөнгөө авах хэрэгтэй байдаг болохоор уулзахаар ирсэн. Гэхдээ асрамжийн газраасаа гарах үед миний хүүхдийн мөнгийг аваад явчихсан. Өвчтэй байгаа юм аа гэж хэлсэн. Одоо ээжтэйгээ ямар ч холбоогүй байдаг. Одоо тэр хүн дахин гарч ирсэн ч тоохгүй, надад хамаагүй.
-Амьдрах газар судалсан юм шиг байна лээ. Олдсон уу?
-0.7 га газар үнэгүй өгдөг гэж асрамжаасаа сонсоод, судалж байгаа.
-Асрамжийн хүмүүстэйгээ холбоотой байдаг уу?
-Холбоотой байдаг. Их сайн, мундаг багш нартай.
-Тэнд байхдаа юу сурав?
-Тогооч хийж сурсан. Тогоочоороо зүүн 4 замын тэнд ресторанд хоёр сар ажиллаж байсан.
-Ажил хийхэд юу хэцүү байдаг вэ?
-Хэцүү зүйл нэг их байдаггүй. Бүгд л гоё харилцдаг.
-Асрамжийнхаа найзуудтай холбоотой байдаг уу?
Холбоотой байдаг. Хааяа уулздаг
-Найз охинтой юу?
-Байхгүй ээ, эхлээд амьдралаа цэгцэлж байгаад 30 гараад болно гэж боддог.
-Өвөл болох гэж байна. Бэлтгэл хийж байна уу?
-Гэртээ эсгий авчихвал болно доо.
-Ойрын төлөвлөгөө юу байна вэ?
-Хамгийн том төлөвлөгөө юүтүб дээр стрим хийх.
Бидний энэхүү ярилцлага нийтлэгдсэний дараа цагдаагийн байгууллагаас “Цахим орчинд “Nasan Bro” гэх хаягаас үл таних хүмүүст эд зүйлсээ дээрэмдүүлсэн талаарх мэдээлэл нийтлэгдсэн. Уг мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад "I pad air 4, I Phone 16 promax загварын гар утас зарна” гэх зарын дагуу ирсэн 26-28 насны бүлэг 5 этгээд иргэн 20 настай “Б”-г автомашинд суулган хутга тулган дээрэмдсэн байж болзошгүй нь тогтоогдсон. Дээрх этгээдүүдийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах дэн буудлаас олж тогтоон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авлаа. Шалгалтаар сэжигтэй этгээдүүд нь энэ оны 9, 10 дугаар сард Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрт 4 удаагийн үйлдлээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна” хэмээн мэдээлсэн юм.
Харин А.Батнасан өөрийн цахим хуудаснаа “Та бүхнийхээ хайр дэмжлэгийн ачаар хэрэгтнүүдийг олж чадсан. Тусалж дэмжсэн Монголын ард түмэн болон сэтгүүлчид, цагдаагийн албанд гүнээ талархал илэрхийлж байна. Монголчууд үнэхээр л эвтэй байхдаа хүчтэй юм байна гэдгийг өөрийн биеэр мэдэрлээ. За тэгээд цаашдаа өөрийн мөрөөдлөө биелүүлж stream-ээ өөрийнхөө YouTube, Tik Tok дээрээ хийнэ ээ мөн Kick дээр шинэ аккаунт нээсэн та бүхэн маань дэмжээд өгөөрэй.
Бүгдэд чинь маш их баярласнаа үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж авч санаа амарлаа” хэмээн өчигдөр орой нийтэлсэн байна.
А.Батнасан хүүтэй холбож өгөөч гэж манай редакцын хамт олон руу маш олон сэтгэгдэл ирж байна. Тэрбээр гар утастай болсон тул өөрийн хаягаа идэвхтэй хөтөлж байгаа тул холбогдохыг хүссэн та бүхэн өөрийнх нь нүүр ном руу хандаарай. А.Батнасандаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Б.ОРГИЛМАА