Dark Light
Нийгэм | 2025-10-08

ХӨГЖЛИЙН 149 ТӨСЛИЙГ ҮНЭЛЖ ЭРЭМБЭЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газрын 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаар тогтоолын дагуу Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 149 төслийг эрэмбэлж танилцуулахыг Эдийн засаг, хөгжлийн яаманд даалгасан. Үүний дагуу Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т туссан нийт 149 хөгжлийн төслийг хэрэгжих боломжоор нь жагсаалт гаргаж, үнэлж эрэмбэлсэн. Ингэхдээ Монгол Улсын Засгийн газрын баримталж буй “Шинэ Итгэл Шинэтгэл” бодлогын хүрээнд төслүүдийг 4 бүлгийн 14 үзүүлэлтээр үнэлж, эрэмбэлсэн. Үүнд:

  • Макро эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ,
  • Төслийн бэлэн байдлын нөлөөллийн үнэлгээ,
  • Санхүүжилтийн эх үүсвэрийн нөлөөллийн үнэлгээ,
  • Нийгмийн нөлөөллийн үнэлгээ гэсэн 4 үндсэн бүлэгт хуваасан.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нийт 149 хөгжлийн төслүүдийг хэрэгжих салбар, бүс, санхүүжилтийн эх үүсвэр, ач холбогдол, бэлэн байдал зэргээр нь дараах байдлаар ангилсан.

  • Төслийн хэрэгжилтийг харвал:149 төслөөс 105 төсөл буюу 70 хувь нь хэрэгжиж эхлээгүй байна.
  • Төслийн бэлэн байдлыг харгалзан үзэхэд: Техник, эдийн засгийн үндэслэлтэй 85 төсөл, ТЭЗҮ-гүй 54 төсөл, ТЭЗҮ шаардлагагүй 2 төсөл, ТЭЗҮ-д тодотгол хийгдэж байгаа 8 төсөл байна.

Санхүүжилтийн эх үүсвэрээр нь ангилахад:

  1. Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх 44 төслийн 14 их наяд,
  2. Гадаад зээл, тусламжаар хэрэгжүүлэх 26 төслийн 13 их наяд,
  3. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх 17 төслийн 31 их наяд,
  4. Холимог эх үүсвэртэй 15 төслийн 6 их наяд,
  5. Санхүүжилтийн эх үүсвэр шийдвэрлэгдээгүй 22 төслийн 3 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй байхаар тусгасан.

Улсын төсөвт туссан байдлаар нь авч үзвэл:2025 оны улсын төсөвт 13 төслийн 353.9 тэрбум төгрөг, 2026 оны улсын төсөвт 14 төслийн 318.1 тэрбум төгрөг туссан.

Энэхүү төслүүдэд дээр дурдсан аргачлалын дагуу үнэлгээг хийж, тэргүүн ээлжид хэрэгжүүлэх нийт хөгжлийн төслүүдийг тодорхойлсон.

Энэхүү 81 төслөөс одоогоор 35 төсөл нь хэрэгжиж эхэлсэн бөгөөд ТЭЗҮ хийгдсэн болон ТЭЗҮ хийх шаардлагагүй 72 төсөл байна.

Санхүүжилтийн эх үүсвэрээр харвал Гадаадын зээл, тусламжаар 17, Шууд хөрөнгө оруулалтаар 11, Улс болон орон нутгийн төсвөөр 18, ТХХТ-ээр 10, бусад эх үүсвэрээс 24 төсөл хэрэгжихээр байна.

Хөгжлийн төслүүдийг үнэлж, эрэмбэлэх нь улс орны нөөц бололцоог оновчтой хуваарилах, эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын эрсдэлийг бууруулах, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бодит үр дүн гаргах ач холбогдолтой.

Төслүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлснээр хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт туссан арга хэмжээг бодитоор, үр дүнтэй хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ.

Дээр дурдсан 81 төслөөс бусад хөгжлийн төслүүдийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан хугацаанд багтаан хэрэгжүүлэхэд уг эрэмбэ нөлөөлөхгүй бөгөөд Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас гаргасан тогтоол шийдвэрийн биелэлтийг хангахад холбогдох байгууллага, албан тушаалтнууд хариуцлагажуулж байгаагаараа онцлогтой юм.

Түүнчлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан нийт 149 төслөөс 22 төслийн санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй, 54 төслийн ТЭЗҮ хийгдээгүй байгааг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, яаралтай шийдвэрлэх арга хэмжээ авахыг холбогдох Засгийн газрын гишүүдэд даалгалаа.

Мөн үйл ажиллагааны хөтөлбөрт туссан хэрэгжилт хангалтгүй байгаа төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг судалж, санхүүгийн схемийг 2025 оны 4 дүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг холбогдох Засгийн газрын гишүүдэд даалгасан.

Тэргүүн ээлжид хэрэгжүүлэх ач холбогдол өндөртэй төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр үр дүнтэй, шуурхай арга хэмжээг авч ажиллах шаардлагатай байгаагаас гадна үлдсэн төслүүдийн хувьд үе шаттайгаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26