Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт Тосонцэнгэл сумын харьяат 4 хүн самар түүж байснаас есдүгээр сарын 21-ний өдрийн 15:00-16:00 цагийн орчим иргэн Э нь отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн бөгөөд хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсон байсан тухай дуудлагыг есдүгээр сарын 22-ны өдрийн 14:40 цагт Онцгой байдлын газарт хүлээн авсан. Онцгой байдлын газар болон ар гэрийнхэн иргэн Э /46 настай, эмэгтэй/-г аравдугаар сарын 7-ны өдөр анх алга болсон газраас Дуургын нурууны "Баруун-Асга" гэдэг газар хүртэл 12 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Сураггүй алга болсон эмэгтэйг өнөөдөр 17 дахь өдрөө эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Эрэн хайх ажиллагааны талаар Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг дарга Н.Сайнбилэгээс тодрууллаа.
-Сумын иргэн 46 настай эмэгтэй сураггүй алга болоод Онцгой байдлын газарт дуудлага өгснөөс хойш 17 дахь өдрөө эрэн хайж байна. Одоогийн байдлаар ямар нэгэн ахиц дэвшил гарсан уу?
-Одоогоор ямар ч ахиц дэвшил гараагүй эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
-Нөхцөл байдал одоо ямар байгаа вэ?
-Онцгой байдлын хоёр алба хаагч, ах дүү нар нийлсэн 11-12 хүн эрэн хайх багт ажиллаж байна.
-Сураггүй алга болсон хүнийг албаныхан хайх хуулийн хугацаа 72 цаг байдаг шүү дээ. Тэр хугацаа нь аль хэдийн өнгөрсөн болохоор эрэн хайх ажиллагааны төсвийг ар гэрийнхэн хариуцдаг. Сум болон төрийн байгууллагуудын зүгээс дэмжлэг үзүүлж байгаа юу?
-Эхний бүтэн найман хоногт төрийн алба хаагчид, онцгой, цагдаа нийлсэн эрлийн баг ажилласан. Үүнд манай 40 гаруй төрийн алба хаагч эрлийн үйл ажиллагаанд оролцсон. Тухайн үед бас манай Тариалан суманд хоёр настай хүүхэд алга болж эрэн хайх ажиллагаа явагдаж байсан шүү дээ.
-Тийм.
-Тэрхүү эрэн хайх ажиллагаанд оролцож байсан нохой, нисэх төхөөрөмжүүд, гурван төрлийн дронтой баг ирж ажилласан. Дулаан мэдрэгчтэй, нүх сүв шалгах нарийн үзүүртэй камер гээд эрлийн ажиллагаа явагдсан. Эхний 7 хоногт 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг эрлийн ажиллагааг явуулсан. Онцгой, цагдаа, Тосонцэнгэл сумын төрийн албаныхан ээлжээр эрэн хайх ажиллагаанд оролцсон. Зөвхөн манай сумаас гэхэд эрэн хайх ажиллагаанд оролцсон төрийн албан хаагч 40 гаруй хүн болоод байгаа. Түүний бензин тосны зардал, хоол хүнс зэргийг бүгдийг нь сумын төсвөөс гаргасан. Сумын нөөц төсвөөс гаргаад явсан. Тухайн үедээ энэхүү зардал 3 сая гаруй төгрөг болсон. Хуулиараа эхний 72 цагийн төсвийг улсаас гаргадаг. Хуулийн хугацаанд ахиц гараагүй тул дахин эрэн хайх ажиллагааг 72, 72 цагаар сунгаад явсан. Сүүлийн хоногуудад сумаас бүх төсвийг нь гаргасан. Ар гэрээс ямар нэгэн зардал гаргуулаагүй эрэн хайх ажиллагааг явуулсан. Ингээд эхний найман өдөр энэхүү бүтэн багаараа эрэн хайсан. Ес дэх өдрөөс бүгд ар амьдралтай, ажил төрөлтэй, намрын эд ажлын үе ч таарсан. Ногоо цагаагаа хураах, тариа буудайгаа хураах, түлш түлээгээ бэлтгэх гээд олон ажил байсан учир сумаас төрийн албан хаагчдаа татсан.
-Одоогоор эрлийн багт тэгэхээр 10 гаруй хүн ажиллаж байна гэсэн үг үү?
-Онцгой байдлын хоёр алба хаагч, тухайн иргэний ах дүү нар нийлсэн хүмүүс эрлийн ажиллагааг явуулж байна. Манай Тосонцэнгэл сумын иргэн 46 настай, Надмидын Энхтуяа гэж эмэгтэй. Сум орон нутгийн хувьд боломжоороо эрлийн ажиллагааг явуулж байна. Гэвч ямар нэгэн ахиц гараагүй тул бид олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болоод цахим орчинд мэдээлэл нийтэлж, эрлийн ажилд сайн дураараа оролцох иргэдийг уриалж, олон нийтээсээ дэмжлэг хүсэж байна. Энэ мэтээр олон нийтэд нөлөөллийн ажил хийж байгаа ч одоогоор хандсан хүн алга л байна. Анх алга болсон тухай дуудлага мэдээлэл ирэхэд онцгой, цагдаа, төрийн албаныхан, гурван төрлийн дронтой, хоёр эрэлч нохойтой, морьт эргүүлтэйгээр эрлийн ажиллагааг явуулсан.
-Тухайн газар орны нөхцөл байдал, орчин ямар газар вэ?
-Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газар маш том уул. Самар түүхээр л хүмүүс очдог. Маш их саад бартаатай, ой тайгын бүс нутаг. Насанд хүрсэн хүн өдөртөө хамгийн их явлаа гэхэд 10 км газар л явна. Тэр том ойг хүмүүс тарж хайна гэдэг боломжгүй. Тухайн 10 хоногт бид ойр орчмыг бүрэн самнасан. Боломжоороо ойролцоогоор 30 км радиуст бүрэн самнасан. Мөн тэнд байх боломжтой, энд байх боломжтой гэж үзсэн бүхий л газруудыг очиж үзсэн. Тэгээд ер нь эрэл мухардсан гэх үү. Тиймээс төрийн албан хаагчдаа татсан. Аймгийнхаа онцгой байдлын газарт хандаж хоёр алба хаагчийг үлдээгээд, эрлийн ажиллагааг явуулж байгаа ах дүү, хамаатан садан нь хоорондоо төөрчихгүй, удирдлага зохион байгуулалтаар хангаад ажиллаж байгаа. Энд тэнд явж байх вий, харсан таарсан хүн байвал мэдээлэл өгөөрэй гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэл гаргасан. Иймэрхүү л нөхцөл байдалтай байна.
-Самарт явахаасаа өмнө юу хийж байсан талаар та мэдсэн үү?
-Самарт явахаасаа хоёр хоногийн өмнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд жимс түүж яваад ирсэн. Ингээд гэртээ ирээд Тариалан сум руу самар түүхээр явсан юм байна лээ.
-Тухайн эмэгтэй ямар ажил хийдэг, хэдэн хүүхэдтэй, ар гэрийн нөхцөл байдал ямар хүн байсан юм бол оо?
-Тухайн эмэгтэй Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тавдугаар багийн харьяат иргэн. Цөөхөн хэдэн үхэртэй, үхрээ маллаж амьдардаг. Хоёр хүүхэд нь тусдаа гарсан. 11 дүгээр ангид сурдаг хүүтэйгээ хоёулаа амьдардаг байсан.