Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн барилгын ажил амжилттай урагшилж байна.
Тус төслийн ПК-68+512.500 дээр байрлах 176.7 у/м урттай төмөр бетон дам нуруут гүүрийн дам нурууг өнөөдөр буюу 2025 оны аравдугаар сарын 8-ны өдөр амжилттай угсарч дуусгалаа. Энэхүү гүүр нь захын болон завсрын нийт 8 тулгууртай, 14 ширхэг I хэлбэрийн 25 у/м дам нуруутай, М650 маркийн өндөр бат бэхийн бетон ашигласан Монгол Улсад анхдагч төсөл болж байна.
Уг М650 маркийн бетоныг ашигласнаар гүүрийн насжилт мэдэгдэхүйц уртсаж засвар арчилгааны давтамж буурах, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, санхүүгийн зардлыг хэмнэх зэрэг олон талын ач холбогдолтой.
Мөн газар хөдлөлт болон динамик ачааллын нөлөөллөөс хамгаалах зорилгоор тусгай дампер суурилуулсан нь манай улсад анхдагч технологийн шийдэл юм.
Ийнхүү Багахангай-Хөшгийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн гүүр нь дэвшилтэт технологи, шинэлэг инженерийн шийдлийг нутагшуулсан Монгол Улсын төмөр замын салбарын шинэ түвшний бүтээн байгуулалтыг хийсэн онцлох төслийн нэг болж байна.