Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ээлжит хуралдаан өнөөдөр /2025.10.08/ Цаг уур, орчны шинжилгээний газрын хурлын танхимд боллоо. Хуралдаан 69.6 хувийн ирцтэйгээр эхэлж, БОУАӨ-ийн сайд бөгөөд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэд дарга Б.Батбаатар даргалав.
Өнөөдрийн хуралдаанаар БНХАУ-аас импортолж буй хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлш болон аж ахуйн нэгжүүдэд нийлүүлэх угаан баяжуулсан эрчим хүчний нүүрс (мидлинг)-ний үнэ тогтоох асуудлыг хэлэлцлээ.
Засгийн газрын тогтоолоор түүхий нүүрсний хэрэглээг хориглож, 2019 онд сайжруулсан шахмал түлшинд шилжихэд иргэдэд худалдан борлуулах үнийг тухайн үеийн Үндэсний хороо тогтоож байсан. Энэ дагуу хагас коксон түлшний үнэ тогтоох асуудлыг Үндэсний хороогоор хэлэлцсэн юм.
2025-2026 оны халаалтын улиралд нийслэлчүүдийн хэрэглээнд нэвтрүүлж буй хагас коксон түлшний 1 тонныг 200 000 төгрөг, 1 шуудайг 5000 төгрөгөөр худалдан борлуулахаар шийдвэрлэв. Мөн аж ахуйн нэгжүүдэд нийлүүлэх угаан баяжуулсан эрчим хүчний нүүрс (мидлинг)-ний нэг тонн тутмын үнийг 250 000 төгрөгөөр тогтоолоо.
Улаанбаатар хот 2024-2025 оны халаалтын улиралд 450 мянган тонн сайжруулсан шахмал түлшээр өвөлжсөн. Харин энэ жил 350 тонн түлшээр өвөлжихөөр тооцож байна. Учир нь хэрэглээнд шинээр нэвтрүүлж буй хагас коксон түлшний асалтын хугацаа сайжруулсан шахмал түлшнээс нэг дахин урт байгаа. Гэр хорооллын айл өрхийн түлшний хэрэглээ багасахын хэрээр агаарын бохирдол буурна хэмээн тооцоолж байна.