Манай улсад Хөхний хорт хавдар нийт хорт хавдрын 6, эмэгтэйчүүдийн хорт хавдрын 4-р байранд ордог, жилд 300 орчим хүн хорт хавдраар оношлогдон тэдний 50% мэс заслаар эмчлэгдэх боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл үлдсэн 50% нь ямар нэгэн зовуурьгүй явснаас хожуу үедээ оношлогддог байна.
Хөхний хорт хавдар эрт оношлогдсоноор, бүрэн төгс эмчлэгдэх боломжтой, бусад эд эрхтэнд тархахаас сэргийлэх бүрэн боломжтой байдаг. Харин хожуу шатанд эмчлэгдэх болон бүрэн эдгэрэх боломж улам бүр буурдаг. Үр хөндөлт хийлгэж байсан, удамшил, дааврын эмчилгээ хийлгэж байсан бол хөхний хорт хавдар үүсэх томоохон эрсдэлт хүчин зүйл болдог тул хөхний шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байна.
Хөхний хавдар гэж юу вэ?
Нэг болон хоёр хөхний эсүүдийн хэт үржлийг хөхний хавдар гэнэ. Монгол улсад 2021 оны байдлаар эмэгтэйчүүдийн хавдрын 4 дэх тэргүүлэх шалтгаан хөхний хорт хавдар байна. Хөхний хавдар нь ямар эсийн гаралтай гэдгээс хамааран олон төрөл байдаг. Сүүний булчирхай, цорго, толгой, өөх болон холбогч эд, цусны судаснаас гаралтай хавдрууд үүсэж болдог. Булчирхай болон цоргоны хавдрууд нь хамгийн түгээмэл байдаг. Ихэнх хөхний хавдрууд нь хоргүй байдаг бөгөөд хөхнөөс үсэрхийлдэггүй. Харин ямар ч төрлийн хавдар нь хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг учраас урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах шаардлагатай. Хөхний хавдрыг эрт үед нь оношилбол эмчилгээнд үр дүнтэй байдаг.
Хавдрын эрсдэлийг юу нэмэгдүүлдэг вэ?
1. Эмэгтэй хүйс
2. Нас нэмэгдэлт
3. Удамшлын өгүүлэмж
Хөхний хавдрын эрсдэлээс хэрхэн сэргийлэх вэ?
- Биеийн жинг хэвийн байлгах
- Дасгал хөдөлгөөн хийх
- Архины хэрэглээнээс татгалзах
- Дааврын эм удаан хугацаагаар хэрэглэхгүй байх
- Аль болох хүүхдээ хөхөөр хооллох
- Тамхи хэрэглэхгүй байх, дам тамхидалтад өртөхгүй байх
- Туяанд өртөхгүй байх
Хөхний хавдар ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?
Нийт эмэгтэйчүүдийн 1/3 нь хөхөө шалгадаггүй гэсэн судалгаа байдаг. Тийм учраас усанд орох бүртээ хөхөө шалгаж, дараах шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг шалгаарай. Дараах шинж тэмдэг илэрвэл нарийн мэргэжлийн эмчид хандах шаардлагатай.
Хөхний толгой болон тойрсон арьсны шинж чанар өөрчлөгдөх (хөхний толгой дотогш татагдах)
Хөхнөөс цусархаг эсвэл хэвийн бус ялгадас гарах
Хөх томрох, зузаарах
Хөхний арьс өөрчлөгдөх (улайж, үрэвсэх)
Хөхний арьс барзайж, нүхжилт үүсэх
Хөх болон хөхний толгой хөндүүр, өвдөх
Хөхний толгойны эргэн тойронд тууралт гарах, тавших
Хөхөө хэрхэн шалгах вэ?
- Хөхний бүх хэсэг, суга, цээжний дээд хэсгийг эгэмний яс хүртлээ шалгах
- Хөх тань ямар хэлбэр, хэмжээтэй байсан ч тогтмол шалгах
- 3 хурууныхаа өндгөө ашиглан шалгах
- Арьсны өнгөц хэсгээс эхлээд хавирганы яс хүртэл өөр өөр даралтаар дарах
- Яаралгүй тайван үзэх