Dark Light
Нийгэм | 2025-10-09

У.ХҮРЭЛСҮХ: ШҮҮХ ХАВТАС ХЭРЭГТЭЙ БИШ ХҮНТЭЙ АЖИЛЛАДАГ ГЭДГИЙГ САНАЖ ЯВАХ УЧИРТАЙ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн хуралдааныг хоёр жил тутам зохион байгуулахаар заасны дагуу ээлжит III чуулганыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна. 
Чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 
Эрхэм хүндэт шүүгчид ээ,
Эрхэм хүндэт нөхөд өө та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. 
Одоогоос дөрвөн жилийн өмнө Монгол Улсын нийт шүүгчдийн анхдугаар чуулганд төрийн тэргүүн миний бие оролцож шүүх эрх мэдлийн шинэчлэлийн талаар байр сууриа тов тодорхой илэрхийлж байсныг та бүхэн санаж байгаа. Шүүх засаглал нийгэмд шударга ёс тогтоох, түүнийг бэхжүүлэх нэн чухал институт төдийгүй хууль тогтоох, гүйцэтгэх засаглалтай эн тэнцүү харилцан тэнцвэртэй ажиллах учиртай ардчилсан засаглалын нэгэн тулгуур багана юм. Өнгөрсөн хугацаанд шүүх эрх мэдлийн хараат бус, бие даасан байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулан, улмаар 2021 онд Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Энэхүү шүүхийн шинэчлэлийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх үйл хэрэг олон сорилт бэрхшээлийг даван туулж, эдүгээ зохих үр дүнд хүрч байгааг та бүхэн бүгд харж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч шүүх эрх мэдлийн шинэчлэлийн үйл явцыг анхааралтай ажиглаж, бодлогын түвшинд ямагт дэмжсээр ирсэн юм аа. Аливаа шинэчлэл хууль гарган хэрэгжүүлж, тасралтгүй сайжруулж, урт хугацааны үйл явц байдаг. Та бүхэн энэ удаагийн чуулганаараа өнгөрсөн дөрвөн жилд гардан хэрэгжүүлж буй шүүхийн шинэчлэлийн үр дүн, ололт амжилт, алдаа оноогоо дүгнэн хэлэлцэж, цаашдын бодлого зорилтоо тодорхойлно гэдэгт итгэл дүүрэн байна. Энэ удаагийн нийт шүүгчдийн чуулганы гол онцлог нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг сонгох нэн чухал хариуцлагатай сонгуулийг та бүхэн зохион байгуулж байна. Цаашид шинээр сонгогдох ерөнхий зөвлөлийн гишүүд шүүхийн шинэчлэлийн үйл явц, бодлогын залгамж чанар, ололт амжилтыг үргэлжлүүлж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй хэрэгжүүлэх ёстой. Мөн ерөнхий зөвлөлд шинээр сонгогдох шүүгч, гишүүн та бүхэн шүүн таслах ажиллагаанаас түдгэлзэж, шүүхийн захиргааны алба хаагч болж байгаа гэдгээ ухамсарлан анхаарч, монгол төрийн бодлого язгуур эрх ашгийг ямагт эрхэмлэн дээдэлж, чин шударгаар ажиллах учиртайг сануулж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогыг батлуулах, эрх зүйн орчныг бүрдүүлэх, шүүхийн эдийн засгийн баталгааг сайжруулах, цахим шилжилтийг гүнзгийрүүлэх, гадаад дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд багагүй үр дүнд хүрч, шүүхийн шинэчлэлийг зохих түвшинд урагшлуулж ажилласан хэмээн төрийн тэргүүн үнэлж байна. Энэ ташрамд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч, гишүүнээр сонгогдон ажилласан шүүгчид та бүхэнд талархал илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье. 
Эрхэм хүндэт шүүгчид ээ
Монгол Улсын Үндсэн хууль шүүх үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана хэмээн заасан байдаг. Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэчлэлийн бодлогын хүрээнд өнгөрсөн дөрвөн жилд шүүгчийн ажиллах нөхцөлд нийгмийн баталгааг сайжруулах, шүүгчийн цалин хөлсийг олон улсын жишигт хүргэх чиглэлээр бодитой ажлуудыг хийсэн. Мөн шүүх таслах ажиллагааны чанар хүртээмжийг сайжруулах хүрээнд шүүхийн байрыг үе шаттай шийдэх ажлуудыг эрчимжүүлж, сүүлийн 10 жил гацаад байсан Хан-Уул дүүргийн шүүхийн барилгын ажлыг үргэлжлүүлж, мөн таван аймаг болон дүүрэгт шүүхийн зориулалтын байр баригдаж эхлээд байна. Түүнчлэн нийт шүүгчдийн анхдугаар чуулганд оролцох үеэрээ төрийн тэргүүний дэвшүүлж байсан санаачилга биеллээ олж, шүүхийн дээд байгууллага Улсын дээд шүүх шинэ байрандаа үйл ажиллагаагаа явуулж эхэлснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Энэ нь манай шүүхийн байгууллагын түүхэнд анх удаа тохиож буй түүхэн үйл явдал гэж үзэж болно. Шүүхийн зориулалтын байртай болох нь Үндсэн хуульд заасан иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгааг хангах нэгэн чухал алхам юм. Цаашид ч шүүх эрх мэдлийн байгууллагын эрх мэдлийг бэхжүүлэх, түүний хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд төрийн тэргүүн дэмжлэг үзүүлэн ажиллах болно гэдгээ хэлэхийг хүсэж байна. Мөн хууль зүйн салбар дахь цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлд шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх бүхий л байгууллага харилцан уялдаатай хамтран ажиллах шаардлагатай байна. Шүүхийн шинэчлэлийн бас нэг чухал ажил бол шүүн таслах ажлын төрлөөр дагнасан шүүх байгууллага болон тойргийн зарчмаар ажиллах шүүхийг шинээр байгуулах ажил юм. Тэгвэл энэ хүрээнд гэр бүл, хүүхдийн чиглэлээр дагнасан шүүхийг байгуулахаар шийдвэрлэсэн нь улсын үндэс болсон айл өрх монгол хүний хөгжлийн асуудалд монгол төр онцгой анхаарч байгааг бас нэгэн илэрхийлэл юм. Харин энэхүү дагнасан шүүхийг байгуулахад цаг хугацаанд шахагдан яарах бус ул суурьтай судалгаа хийж, бэлтгэл ажлыг сайтар хангаж, эрх зүйн орчныг бүрдүүлж, туршлагатай шүүгчдийн дундаас шүүгчийг шилж олох замаар шүүх бүрэлдэхүүнийг бүрдүүлэх нь нэн чухал юм. Мөн шүүх байгуулах тухай хуулийн дагуу шүүхийн зохион байгуулалт өөрчлөгдөж, эрүү иргэний хялбар ажиллагааны дагнасан шүүх байгуулах замаар иргэд мэргэшсэн шүүхийн үйлчилгээг илүү ойроос шуурхай авах боломж бас нэмэгдэж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Улсын дээд шүүхээс хэргийг хяналтын журмаар шийдвэрлэхдээ гагцхүү хуульд заасан үндэслэл гомдлыг хүлээн авдаг болсноор анхан болон давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээ, ач холбогдол үлэмж нэмэгдсэн хэмээн эрдэмтэн судлаачид дүгнэж байгааг хэлэх нь зүйтэй. Цаашид шүүгч та бүхэн хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах, механизмын үр нөлөөг дээшлүүлэх, хууль зүйн процессын шинэчлэлд онцгой анхаарах шаардлагатай байна. Мөн шүүгчийн ажлын ачаалал нь шүүхийн шийдвэрийн чанар, шүүгчийн ажил амьдралын тэнцвэрт байдал, эрүүл мэнд, сэтгэл зүй зэрэгт сөргөөр нөлөөлдөг болохыг олон улсын болон манай эрдэмтэн судлаачид тогтоосон байна. Тиймээс хэрэг маргааны тоон үзүүлэлт, хэргийн төрөл, шинж байдалтай уялдуулан шүүгчийн орон тоог уян хатан зохицуулах асуудлыг эрх зүйн болон зохион байгуулалтын хүрээнд шийдвэрлэж, шүүгчийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах асуудлыг судлан үзэж, шаардлагатай хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулж, зохих арга хэмжээг авах нь зүйтэй. Дээрх шүүхийн шинэчлэлийг улам бүр гүнзгийрүүлэхэд Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны хамтын ажиллагаа, харилцан ойлголцол нэгдмэл зорилго нэн чухал. Шүүх болон шүүхийн захиргааны байгууллага нь шүүх эрх мэдлийн нэгэн дээвэр дор хамтдаа зэрэгцэн оршдог учраас хуульд заасан хүрээнд зөв зохистой хэлбэрээр хамтран ажиллаж, шүүх байгууллагыг бэхжүүлэх үйл хэрэгт нэгэн сэтгэлээр зүтгэх нь нэн чухал гэдгийг төрийн тэргүүн онцгойлон анхааруулж байна. 
Эрхэм хүндэт шүүгчид ээ
Шүүгч та бүхэн монгол төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг. Монгол Улсын шударга ёсны хувиршгүй ган бат багана юм. Иргэд олон нийтийн зүгээс шүүхээс ямагт хүсэн хүлээдэг, шаарддаг зүйл бол шударга ёс, ёс зүй, сахилга хариуцлага гэдгийг та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа. Хууль зүйн хариуцлагад хөөн хэлэлцэх хугацаа үйлчилдэг бол харин ёс зүйн хариуцлагад хөөн хэлэлцэх хугацаа үйлчилдэггүйг та бүхэн ямагт ухамсарлаж, үйл хэрэгтээ чанд мөрдөн ажиллах учиртай.   
Тиймээс монгол төрийн шүүгч та мөнгөний сүүдэрт бөхийх ёсгүй. Монгол төрийн шүүгч та улс төр, бизнесийн явцуу эрх ашиг, сонирхолд үйлчлэн улс эрх орныхоо язгуур эрх ашгаас хэзээ ч урваж болохгүй. Монгол Улсын язгуур эрх ашиг сонирхол гэж байхаас байгууллагын эрх ашиг гэж хэрхэвч байх учиргүй. Шүүгч та бүхэн хэн нэгний дарамт шахалтаар гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж болохгүй. Гэмт этгээдэд ял завшуулж болохгүй гэдгийг ямагт санаж явах ёстойг төрийн тэргүүн дахин та бүхэнд сануулан хэлье. Өндөр ёс зүйтэй, мэргэжлийн ур чадвартай, ашиг сонирхлын зөрчлөөс ангид шүүгч л хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж, хэрэг маргааныг хэнээс ч хараат бус байдлаар шийдвэрлэж чадна. Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хуулиудад шүүхийн сахилгын хорооны чиг үүргийг тодорхойлж, шүүгчид сахилга хариуцлагыг бие даан тооцож чаддаг болсон явдал нь шүүхийн шинэчлэлийн салшгүй нэг хэсэг юм. Хэдийгээр энэ институт шүүх эрх мэдлийн тогтолцооны хувьд цоо шинэ биш боловч Үндсэн хуульд тусгайлан зааж Үндсэн хуулийн байгууллага болгосон явдал нь шүүгчийн ёс зүй, сахилга хариуцлагад тавьж буй нийгмийн хүсэл байсан гэдгийг хэлэхийг хүсэж байна. Шүүгчид хариуцлага тооцдог механизм хуулийн хүрээнд үр дүнтэй ажиллаж байж сая шүүх засаглал өөрийгөө цэвэршүүлж, ёс зүйгүй, гэмт хэрэг үйлдсэн нэгнээс салж чадна. Шүүхийн сахилгын хороо өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 1500 гаруй өргөдөл мэдээлэл хүлээн авч, хянан 51 тохиолдолд сахилгын шийтгэл оногдуулсан байх бөгөөд дөрвөн шүүгчийг огцруулсан байна. Сахилгын хороо хэрхэн шударга ажиллахаас шүүхийн нэр хүнд шүүхэд итгэх иргэдийн итгэл хамаарах бөгөөд үнэн мөнийг дэнсэлдэг шударга ёсыг тогтоодог, шүүх эрх мэдлийн бас нэгэн дархлаа сахилгын хороо болж буй гэдгийг шүүгч та бүхэн ойлгож буй биз ээ. Түүнчлэн шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байх нь шүүхэд итгэх иргэдийн итгэлд чухал үр нөлөөтэй бөгөөд та бүхний анхаарах бас нэгэн чухал зүйл бол шүүхийн нээлттэй, ил тод, түргэн шуурхай байдал юм. Ялангуяа олны анхаарал татсан, нийгмийг цочроосон хэргийн талаар бодит мэдээллийг хуулийн хүрээнд шуурхай өгч иргэдийн эргэлзээг богино хугацаанд тайлж байх зайлшгүй шаардлагатай байна гэдгийг онцлон тэмдэглэе. Шүүх хавтас хэрэгтэй биш хүнтэй ажилладаг гэдгийг санаж шүүх эрх мэдлийн ажлын үр дүнг хэмжих гол хэмжүүр бол шүүхийн шийдвэрийн үндэслэл түүнийг зөв тайлбарлан хүргэх явдал гэдгийг ямагт санаж ажиллах учиртай. Иргэд шударга шүүхээр шүүлгэх, хууль шүүхийн өмнө тэгш байх Үндсэн хуулийн заалтын хэрэгжилт хуулийн хэрэглээний нэгдмэл байдал ч үүнээс шууд хамаарна. Мөн шүүгч хүн өөрийн мэдлэг, ур чадварыг ямагт дээшлүүлж, нийгэмд шинээр үүсэж буй харилцааг соргогоор хүлээн авч, хууль дээдлэн, хуульд нийцүүлэн шийдвэрлэдэг байх шаардлагатай. Сүүлийн жилүүдэд манай улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлж бүхий л салбарт бодит үр дүнг авчирч байна. Үүний нэгэн нотолгоо нь монголын шүүгчид та бүхний эгнээнээс дэлхийн хэрэг явдлыг дэнслэх анхны шүүгч төрөн гарсан явдал юм. Монгол Улс 2023 онд олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчид Улсын дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнг нэр дэвшүүлж, улмаар олон улсын эрүүгийн шүүхийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр эдүгээ ажиллаж байна. Энэ бол манай шүүгчид олон улсын түвшинд ажиллаж чадаж буй тод илэрхийлэл бөгөөд та бидний хамтын амжилт мөн хэмээн тэмдэглэн хэлэхийг хүсэж байна. Эцэст нь хэлэхэд төрийн тэргүүн хуулиа дээдэлж, шударгаар ажиллаж буй шүүгчдээ хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд бүх талаар өмгөөлөн хамгаалж, ямагт дэмжин ажиллах болно гэдгээ дахин илэрхийлж байна. та бүхний эрхэмлэн дээдлэх үнэт зүйл бол гагцхүү Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдал, хууль дээдлэх зарчим, монголын ард түмний язгуур эрх ашиг гэдгийг үргэлж санаж ажиллаарай. Монгол төрийн нэрийн өмнөөс шударга ёсыг тогтоогч эрхэм хүндэт шүүгчид та бүхэнд ажлын өндөр амжилт, та бүхний гэр бүл, үр хүүхдэд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Чуулганы үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.  

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26