Dark Light
Нийгэм | 2025-10-09

ХАНГАРДИЙН ХӨШӨӨГ ШИНЭЧИЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн засаг даргын тамгын газрын санаачилгаар Богдхан уулын Дугуй цагаан дээрх Богдхан уулын савдаг шүтээний дүрс бүхий Хангарди шувууны хөшөөний баримлыг 2025 оны 9 болон 10 дугаар сард бүрэн шинэчиллээ. 
Уран баримлын эх загварыг МУЭ-ийн гишүүн, уран барималч Б.Ганбаатар гаргаж, уран барималчдын багтайгаа хамтран хийж гүйцэтгэжээ. Тус баримлын домгийн шувуу Хангарди нь түүх сударт өгүүлснээр могой амандаа зууж хоёр сарвуугаараа атгасан байдлаар дүрслэгдсэн буй. Уран баримлыг файбер классик материалаар барьж, хүрэл өнгөөр будаж хийж гүйцэтгэсэн байна. Баримлын өндөр 1,2 метр ба чулуун төмөр суурь 2,4 метр өндөртэй. 
Тус баримлын анхны загварыг 2015-2016 онд хийж байсан бөгөөд Хамгаалалтын захиргааны албан хаагчид, байгаль хамгаалагч нар хуучин хөшөө баримлыг буулгаж, шинэ баримлын чулуун суурийг өнгөрсөн өдрүүдэд хийж гүйцэтгэв. 
2025 оны 10 дугаар сарын 8-ны Намрын дунд сарын шинийн 16-ний өдөр уран баримлыг аравнайлах ёслол болж Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн, Хамгаалалтын захиргааны дарга Э.Цогбадрал, Төлөөлөгч н.Сайнбаяр Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд болон бусад хүмүүс оролцов.      
Мөн түүнчлэн Богдхан уулын Хамгаалалтын захиргаанаас камерын хяналтын системийн нэгдсэн төвтэй болох зорилтын хүрээнд Богдхан уулын Дугуй цагаан дээр хяналтын камер байршууллаа. Ингэснээр Дугуй цагаан дээрх тус хөшөө баримлын бүрэн бүтэн байдал, гал түймрээс урьдчилан сэргийлэх, байгаль хамгааллын хяналт шалгалтыг сайжруулах, явган алхагчдыг аюулгүй байдал, болзошгүй эрсдэлээс хамгаалах боломжтой болсон онцлог юм. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26