Европ, Монголын хамтарсан худалдаа аж үйлдвэрийн танхимаас жил бүр зохион байгуулдаг “Back to Business” өндөр түвшний арга хэмжээ энэ жил “Тогтвортой санхүүжилтээр Монгол Улсын эдийн засгийг шинэ шатанд аваачих нь” сэдвийн дор 2025 оны 10 дугаар сарын 8-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Монголбанкны Ерөнхий эдийн засагч, Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Мөнгөний бодлого ба тогтвортой санхүүжилт” сэдвээр бодлогын илтгэл тавьж, эдийн засгийн өнөөгийн нөхцөл, цаашид үүсэх төлөв байдал ба эрсдэл, мөнгөний бодлогын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон Монгол Улсад ногоон, тогтвортой санхүүжилтийг бий болгох Монголбанкны үйл ажиллагааны талаар хэлэлцсэн юм.
Тус арга хэмжээний бодлогын хэлэлцүүлэгт Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд оролцож уур амьсгалын санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, байгаль орчин, нийгэм, засаглалд (БОНЗ) суурилсан хөрөнгө оруулалтын бодлого болон стратегийг тодорхойлох, ногоон бондыг хөгжүүлэх арга зам, Монгол Улсад тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэхэд учирч буй хууль, эрхзүйн асуудал болон шийдлүүдийн тухай бусад төр, хувийн хэвшлийн гол төлөөллүүдтэй харилцан санал солилцлоо.