Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх хүрээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдад зонхилон тохиолдож буй өвчлөл, түүнийг бууруулахад чиглэсэн сургалтын хөтөлбөр, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилготой “Идэр чийрэг-Монгол цэрэг” дэд төсөл хэрэгжиж байгаа билээ. Тус төслийн хүрээнд Хил хамгаалах ерөнхий газар, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн удирдлагууд Хилийн цэргийн анги, тусгай салбаруудын Эрүүл мэндийн төвд ажиллах эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн нөхөн хангалтыг сайжруулах зорилгоор “Цэргийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн” бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээг энэ сарын 10-ны өдөр байгууллаа. Энэхүү гэрээ нь талуудын хамтын ажиллагааны бат бөх үндэс суурийг тавьж, Хилийн цэргийн анги, тусгай салбаруудын алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чанартай бөгөөд мэргэжлийн түвшинд бэлтгэх, оюутнуудыг “Цэргийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн” тусгай мэргэжлээр сургах сургалтыг зохион байгуулах ач холбогдолтой юм.
Нийгэм | 2025-10-10
Сэтгэгдэл бичих