Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Ж.Отгонбаатар тэргүүтэй удирдлагын баг, эмч мэргэжилтнүүд өнөөдөр хүүхдийн төрөлхийн болон олдмол согогийн мэс засал эмчилгээний тусламж үйлчилгээг өргөжүүлэх чиглэлээр уулзаж ярилцлаа. Тухайлбал ЭХЭМҮТ-өөс хүүхдийн согог заслыг эмчлэх тасгийн үйл ажиллагааг нээн ажиллуулахаар бэлтгэл ажлаа хангасан бөгөөд ГССҮТ-д хүүхдийн согог заслын эмчийг сургаж чадавхжуулж буй юм.
Улсын лавлагаа шатлалын төвүүд хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээг өргөжүүлж, хамтарч ажилласнаар хүүхдийн төрөлхийн болон олдмол согогийн тусламж үйлчилгээ, ялангуяа хүүхдийн түнх болон майга тавхай, тулгуур эрхтний согогийг эрт оношлох, эмчлэх томоохон ач холбогдолтой юм.
Тиймээс хамтарсан үйл ажиллагааны эхлэл болгож төрөлхийн болон олдмол согогийг оношлох, эмчлэх арга технологийг хөгжүүлэхэд чиглэсэн сургалт, үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээг хамтран зохион байгуулахаар болсон байна.