Уул уурхайн салбарт ажиллаж буй залуучуудын оролцоо, дуу хоолойг бодлогын түвшинд хүргэх зорилготой “Уул уурхайн салбарын залуучуудын чуулган” 2025 оны аравдугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Үндэсний номын санд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, “Эрдэнэс Монгол” нэгдэл, “Эрдэнэс Үндэсний үйлдвэр, технологийн төв” ХХК хамтран зохион байгуулсан юм.
Чуулганы зорилго нь уул уурхайн салбарт ажиллаж буй залуучуудын тулгамдсан асуудлыг тодорхойлж, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг хамтдаа эрэлхийлэх, салбарын залуусын оролцоог нэмэгдүүлэх, бодлого боловсруулах үйл явцад тэдний саналыг тусгах явдал байв. Чуулганы нээлтэд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв үг хэлж, “Уул уурхайн салбар бол Монгол Улсын эдийн засгийн хөдөлгүүр бөгөөд энэ салбарт ажиллаж буй залуучуудын мэдлэг, санаачилга, оролцоо нь тогтвортой хөгжлийн баталгаа юм.
Энэхүү чуулганаар салбарын залуучуудад тулгамдаж буй асуудлуудыг нээлттэй ил, тод тодорхойлж, гарц гаргалгаа шийдэл эрэлхийлэх, зөв орчин нөхцөлийг бий болгох олон сайхан санал, санаачилга гарна гэдэг хүлээлт дүүрэн байна” гэлээ.
Тус чуулганы үеэр дараах илтгэлүүд танилцуулагдаж, оролцогчид салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэв.
Үүнд:
• Ашигт малтмал, газрын тосны газар– Эрдэс баялгийн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаарх илтгэл;
• “Эрдэнэс Монгол” ХХК – уул уурхайн салбарын залуучуудын цалин, хөлс, үнэлэмжийн асуудал;
• Монголын уул уурхайн үндэсний ассоциаци– “Ирээдүйн инженер” сэдвээр
• “Эрдэнэс Үндэсний үйлдвэр, технологийн төв” ХХК – залуучуудын хөгжлийн стратеги, судалгааны дүнг танилцуулав.
Арга хэмжээний хоёрдугаар хэсэгт панел болон салбар хэлэлцүүлэг өрнөж, оролцогчид бодит туршлага, санал санаачилгаа солилцсон бөгөөд хэлэлцүүлгээс гарсан нэгдсэн дүгнэлт, зөвлөмжийг нэгтгэн холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр боллоо.
“Уул уурхайн салбарын залуучуудын чуулган”-д салбарын 120 гаруй төлөөлөгч, залуу инженер, техникч, мэргэжилтнүүд оролцсон бөгөөд уул уурхайн салбарт ажиллаж буй залуусын дуу хоолойг бодлого, шийдвэр гаргах түвшинд хүргэх чухал алхам болж, хамтын оролцоонд суурилсан хөгжлийн шинэ хандлагыг эхлүүлсэн үйл явдал боллоо.