2024 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирсэн дайчдыг үдэн гаргах бэлтгэл ажлын төлөвлөгөөний хүрээнд “Халагдах цэргийн үдэшлэг”-ийн арга хэмжээг Дотоодын цэргийн 05 дугаар анги зохион байгууллаа. Арга хэмжээний үеэр хугацаат цэргийн алба хаагчдад цол олгож, ангийн байлдааны дэлгээ тугийн өмнө дурсгалын зураг авхуулан, үүрэгт ажлаа нэр төртэй гүйцэтгэсэн алба хаагчдыг ангийн захирагчийн Баярын бичгээр шагнав. Мөн ангийн орон тооны бус зөвлөл болох Офицер, Ахлагч, Эмэгтэйчүүдийн зөвлөл, Штаб, Захиргааны удирдлага, Ар тал хангалт болон Салбар ротын нэрэмжит шагналаар нэр бүхий дайчдыг шагнаж урамшуулсан юм.
Үдэшлэгийн арга хэмжээнд Хилийн цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын дуучин Ж.Отгонжаргал, “The Nova Band” амьд хөгжмийн хамтлаг, Соёлын тэргүүний ажилтан, дуучин П.Бат-Ундрах, “My Voice” шоуны шилдэг оролцогч Б.Ариунбат, “UB Sound” хамтлагийн уран бүтээлчид оролцож ая дууны мэндчилгээ хүргэлээ.
Мөн энэхүү үдэшлэгийн хүрээнд 2024 оны хоёрдугаар болон 2025 оны нэгдүгээр ээлжийн хугацаат цэргийн алба хаагчид өөрсдийн зохиосон “Харуулын рот”, “Тусгай хороо” зэрэг бүтээлч дуунуудаараа ая дууны мэндчилгээ өргөж, дайчин нөхдөдөө халуун сэтгэлийн үгсээ ярилцан хуваалцаж халуун дотно үдшийг өнгөрөөсөн юм.