Баянгол дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ажнай” корпораци, “Увснуур” дэвжээний бөх, улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-ийн 0108 дугаар анги, “Нью Прогресс” групп, "Ховд" дэвжээний бөх, улсын саруул сайжрах заан Баатархүүгийн Пүрэвсайхан үзүүрлэв.
Дөрөвт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, “Монтед” Констракшн, “Асиан Сити” ХХК, “Батхаан Ойл” ХХК, "Ховд" дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий, Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, "Аврагч" спорт хороо, “Бүрэн Дуулга” ХХК, “Цагаан Сор” ХХК, “Гэгээн Хэрлэн” ХХК, "Дорнын Хүчтэн" дэвжээний бөх, улсын заан Д.Анар нар шалгарлаа.
Наймд улсын арслан Э.Оюунболд, улсын заан Ц.Одбаяр, улсын заан С.Сүхбат, улсын харцага Б.Зоригтбаатар нар үлдэв.
Зохион байгуулагчдын зүгээс “Улсын цолд ойрхон бөх”-ийн шагналыг аймгийн арслан Ө.Батсуурьт олголоо.
Тус барилдааны түрүү бөх 20 сая, үзүүр бөх 10 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 5 сая, наймд шалгарсан бөхчүүд тус бүр 1 сая төгрөгийн бай шагнал гардсан юм.
Дараагийн барилдаан аравдугаар сарын 17-нд МУБИС-ийн Биеийн тамирын дээд сургуулийн 70 жилийн ойд зориулсан хүчит 64 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.