Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны зөвлөх эмч, Монгол Улсын Төрийн соёрхолт, Хүний гавьяат эмч П.Батчулуунтай ярилцлаа.
-Одоогоор таны биеийн байдал ямар байна вэ?
-Юуны өмнө монгол ахан дүүс, мэргэжил нэгт багийнхандаа, элэг, бөөр шилжүүлэн суулгах баг, Хавдар судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр эмнэлгийн багийнхандаа, бүх мэргэжил нэгт нөхдөдөө, мэс засалч нартаа дэмжиж, хамгаалж сэтгэл санаа болон бүх үйл ажиллагаанд дэмжиж байсанд баярлаж байгаагаа илэрхийлье. Түүнээс гадна УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, С.Эрдэнэболд зэрэг хүмүүст тулж, түшиж байсанд баярлалаа. Хүнд хэцүү үед эргэн тойронд минь байсан гэр бүл, найз нөхдөдөө баярлалаа. Нийгмийн сүлжээнд ойлгож, дэмжиж байсан хүмүүстээ баярлалаа. Та бүгдийнхээ тусламж, дэмжлэгээр ямар ч байсан Дээд шүүх үнэн зөв учрыг олж энэ хэрэгт ямар нэгэн холбогдолгүй гэмт хэргийн бүрдэлгүй гэж үзсэн. Дээд шүүхийн гишүүдэд баярлалаа. Мөн намайг дэмжиж бүхий л үнэн зөв мэдээллийг түгээж байсан хэвлэл мэдээллийн байгууллагууд, тэр дундаа танай хамт олонд баярласнаа илэрхийлье.
Одоогоор миний биеийн байдал асуудалтай байгаа. Үе, үе толгой эргэх, дайвалзах, өвдөх асуудал одоо ч хэвэндээ байна. Гэхдээ буцаад ажилдаа орсон. Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албандаа зөвлөхөөр ажиллаж байгаа. Ажлын хүмүүстээ дэмжлэг үзүүлээд явж байна. Эс, эд, эрхтэн шилжүүлэх хуулийн төсөл маань намрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх гээд эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өргөн барьсан. Энэ төслийг УИХ-ын гишүүн Б.Баярбаатараар ахалсан ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Энд Эрүүл мэндийн яамны ажлын хэсэг, Эрүүл мэнд хөгжлийн төвийн эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны гишүүд бид хамтраад ажиллаж байна. Өнгөрсөн хаврын чуулганд өргөн барьсан гэхдээ намрын чуулганд дахин өргөн барилаа. Ингээд удах тусам л янз бүрийн санаа гарч ирж байна. Нэгэнт өргөн барьсан хуульд багийн гишүүдээс саналууд ирсэн. Тэдгээр саналуудыг тусгаад алтан дунджийг олохоор ажиллаж байна даа.
-Донорын тухай хууль өөрчлөгдөж, хоёр хуваагдсан. Энэ хугацаанд нэлээд ахиц дэвшил гарсан байх?
-Донорын тухай хууль гэдэг нэршлээр явахаа больсон. Цусны тухай хууль, Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах тухай хууль гээд хоёр тусдаа хууль болсон. Энэ хоёр хууль нь тус тусдаа ажлын хэсгүүд байгуулагдаад явж байна. Манай Эс, эд, эрхтэн шилжүүлэх тухай хуулийн хувьд бие даасан анхдагч хууль хэлэлцэгдээд явж байгаа. Энэ хуулийг санаачилж, авч явж байгаа хүн бол Эрүүл мэндийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн мөн манай албаны гишүүд хуулийн төсөлд ажиллаад явж байна.
-Мөн та эс, эд, эрхтний банк байгуулах, сантай болох тухай олон жил ярьж ажил хэрэг болгохоор явсан. Энэхүү ажил ямар шатандаа яваа вэ?
-Эрхтэн суулгах эмчилгээнээс гадна эс, эдийн банк болон сантай болох асуудлыг ярьж байгаа. Улсын нэгдүгээр эмнэлгийн өргөтгөл буюу Эс, эд, эрхтэн шилжүүлэх төв баригдаж байгаа. Барилгын ажил идэвхтэй явагдаж байна. Барилгыг эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааны алба 2018 онд анх байгуулагдсаны дараа тухайн үеийн эрүүл мэндийн сайд Сарангэрэлд төв барих хүсэлт тавьж байсан. Үүний дагуу эрүүл мэндийн яамны зөвлөл, сайдын, зөвлөлд танилцуулж тухайн үеийн Т.Мөнхсайхан даргатай техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулаад Засгийн газарт өргөн барьж, МАН-ын 2023-2024 оны мөрийн хөтөлбөрт орж, 2024 оны сүүлээр төв баригдана гэж 144 тэрбум төгрөг төсөвт орсон. Үүний дагуу 40 орчим тэрбум орж ирж барилга баригдаад явж байна. Нийт 20 гаруй мянган талбайтай, Монгол Улсад Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний төв баригдаж байна. Бидний эхлүүлсэн ажил хэрэгжээд явж байгаад баяртай байгаа.
-И-Монголиа аппликейшнээр дамжуулан насанд хүрсэн эд, эрхтнээ өгөх санал өгдөг болсон. Энэ нь бас нэгэн дэвшил гэж харж байгаа?
-Дэлхийн улс орнуудад амьд сэрүүндээ хэрвээ ямар нэгэн зүйл тохиолдлоор тархи үхэжвэл донор болж болно гэдэг саналаа илэрхийлдэг. Хуучин донорын тухай хуулийн 13.2-т Монгол Улсын насанд хүрсэн иргэн хүн бусдын амь нас эрүүл мэндийг аврахын тулд донор болохоо илэрхийлж болно гэдэг заалт байгаа. Энэ заалтыг хэрэгжүүлэхийн тулд И-Монголиа системээр дамжуулж донор болох хүсэлтэй хүмүүсийн саналыг хүлээн авдаг болсон. Одоогийн байдлаар 5000 гаруй хүмүүс амьд ахуйдаа ямар нэгэн үйл ажиллагааны улмаас тархины үхэлд хүрвэл бусдын амь насыг аврахын тулд донор болно гэсэн саналаа илэрхийлсэн байна. Гэхдээ 2023 оны найман сараас хойш хоёр жил орчим эрхтэн шилжүүлэх эмчилгээ хийгдээгүй байна. Гэхдээ олон нийт надад холбогдсон хэргээр дамжуулж нэлээн өргөн хүрээнд хэвлэл мэдээл, нийгмийн сүлжээгээр дамжуулж зөв мэдээлэлтэй болж сайтар ойлгодог болсон гэж бодож байна.