Аравдугаар сарын 9-ний өдрийн 19:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарсан гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Уг ослын улмаас таван иргэн нас барсан.
Ослын талаар тодрууллаа.
Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр “Цагдаагийн байгууллагад аравдугаар сарын 9-ний өдрийн 19:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэнийг шалгахад “Жолооч нь Toyoto Prius маркийн автомашин жолоодож яваад зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогсож байсан Volvo маркийн автомашины араас мөргөж, ослын улмаас жолооч, зорчигч нарын 5 хүний амь хохирсон” нөхцөл байдал тогтоогдож, тус хэрэгт Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж байна” хэмээн мэдээлсэн.
Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас ослыг тодруулахад “Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Холбогдох шүүхийн шинжилгээний дүгнэлтүүд гараагүй” гэсэн юм.
Тухайн ослоор нас барсан иргэд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын иргэд байсан гэх. Энэ талаар Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын иргэнээс тодруулахад “Нэг нь Хөвсгөл аймгийн хүн. Дөрөв нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын хүмүүс байсан. Нэг гэр бүлийн хамааралтай хүмүүс биш. Дандаа насанд хүрсэн хүмүүс байсан. Хүүхэд байгаагүй. Ар гэрийнхнийх нь сэтгэл санаа хүнд байгаа. Сумаараа гашуудаж байна” гэлээ.
Ингээд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг дарга Г.Цэндсүрэнгээс тодрууллаа.
-Аравдугаар сарын 9-нд Дархан-Уул аймаг руу явах замд гарсан зам тээврийн ноцтой ослын улмаас амь хохирсон иргэд танай сумын хүмүүс байсан гэх мэдээлэл байна. Та энэ ослын талаар мэдээлэлтэй байгаа юу?
-Байлгүй яах вэ. Нэг хүн нь Хөвсгөл аймаг руу явж байсан юм байна лээ. Дөрөв нь манай сумын иргэд. Хот хоорондын зорчигч тээвэр хийхэд 300 км хүртэлх зайд такси үйлчилгээнд явахыг зөвшөөрдөг. Манай сум хотоос 380 км зайтай болохоор хувийн такси үйлчилгээг зөвшөөрдөггүй. Тэдгээр хүмүүс такси үйлчилгээнд үйлчлүүлж явсан хоорондоо хамааралгүй хүмүүс байсан.
-Та ар гэрийнхэнтэй нь уулзсан уу. Сум орон нутгийн зүгээс тусламж дэмжлэг үзүүлж байгаа юу?
-Уулзалгүй яах вэ. Үнэхээр хүнд аймшигтай зүйл болсон. Хоёр айл нь өнөөдөр салах ёслолоо үйлдсэн. Хоёр нь гурав дахь өдөр салах ёслолоо үйлдэнэ. Сум орон нутгийн зүгээс удирдлагын багийнхан байнга эргэж тойрч хэрэгтэй зүйлсээр тусалж дэмжиж байгаа. Нэг хүний цогцсыг Хөвсгөл аймаг руу тээвэрлэсэн. Ар гэрийнхний сэтгэл санаа үнэхээр хүнд сум, орон нутгаараа гашуудалтай өдрүүд үргэлжилж байна.
-Тэдгээр хүмүүс ямар ажил алба эрхэлдэг хүмүүс байсан юм бол. Хотод ажлаар ирцгээгээд буцацгааж байсан уу?
-Нэг нь уурхайд ажилладаг залуу байсан. Ээлжээсээ буугаад гэр рүүгээ ирж явсан. Нэг нь малчин бас нэг нь оюутан охин байсан. Үлдсэн нэг хүн нь жолооч. Хөвсгөл рүү явж байсан хүн нь юу хийдэг хүн байсныг сайн мэдэхгүй байна. Үнэхээр харамсалтай осол болж таван алтан амь эрсэдлээ. Хот хоорондын тээвэр эрхлэгч та бүхэн анхаарал болгоомжтой байж, хүний алтан амийг тээвэрлэж яваагаа ямагт санаж яваасай гэж анхааруулахыг хүсэж байна.