Боловсролын сайд П.Наранбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Өнөөдөр Монголын шинжлэх ухаан боловсролын үйлдвэрчний эвлэлийн хорооноос зарлаад байгаа ажил хаялтын талаар сайд болон боловсролын яамаа төлөөлөөд өөрсдийнхөө байр суурийг илэрхийлж байна. Бидэнд тавьж буй үндсэн шаардлагуудыг танилцуулъя. Аравдугаар сарын 9-ний өдөр энэхүү Үйлдвэрчний эвлэлийн хорооноос бидэнд хандаж аравдугаар сарын 15, 16-наас эхлээд ажил хаяна. Учир нь “Багш нарын үндсэн цалинг 3.5 саяд хүргэ гэсэн энэ шаардлагыг биелүүлэхгүй байна” гэсэн мэдэгдлийг ирүүлсэн. Аравдугаар сарын 8-ны өдөр буюу өмнөх өдөр нь МУ-ын Ерөнхий сайд, сангийн сайдтай уулзалт хийж, багш нар болон үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй уулзуулсан. Үүний үр дүнд Засгийн газрын зүгээс төсөв хэлэлцэж буй энэ үед цалин нэмэх дээр дэмжсэн. Бид өнөөдөр төсөвт 100 тэрбум төгрөгийг суулгасан байсан. Үүн дээр нэмэх нь гэж байгаад Ерөнхий сайдын зүгээс нэгдүгээр сарын 1-нээс аль болохоор багш нарынхаа цалинг нэг сая 850 мянган төгрөг буюу 25 хувийн нэмэгдэлтэй болгоно гэж ярьсан.
Долдугаар сараас эхлээд төсвийн орлого нэмэгдвэл 2.5 сая тэгээд цаашдаа 3.5 саяд хүргэх гурван жилийн төлөвлөгөөтэй ажиллая гэсэн саналыг хэлсэн. Гэвч харамсалтай нь үйлдвэрчний эвлэлийн зүгээс шууд 3.5 сая болгохыг шаардаж, маргааш өдөр нь яаманд ажил хаях тухай мэдэгдэл ирүүлсэн нь туйлын харамсалтай үйл явдал гэж харж байна. Өнөөдөр МУ-ын эдийн засгийн нөхцөл байдлыг огт харгалзан үзээгүй хүнд нөхцөл байдлыг ашиглан улс төр хийж байна гэж үзэхээс өөр арга алга. Өнөөдөр эрх баригч нам дотроо задарсан, УИХ, Засгийн газар ажлаа явуулахад хүндрэл бэрхшээлтэй ийм үед улс төржиж байна гэж харж байна. Ийм учраас үйлдвэрчний эвлэлийг энэхүү шаардлагаа дахин харж үзээч ээ, цалин нэмэх талд адилхан байр суурьтай байгаа, бие биеэ дэмжээд явж болно. Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг ярилцаад, шийдвэрлээд явъя гэсэн саналыг хэлж байна. Аравдугаар сарын 9-ний өдөр ажил хаялт зарласан нь хууль зөрчсөн явдал гэдгийг хэлэхээс өөр аргагүй. Хөдөлмөрийн маргаан үүссэн тохиолдолд гурван үе шаттай явагддаг. Эхний үе шат нь хамтын хэлэлцээрийн дагуу ярилцана. Шийдэгдэхгүй бол зуучлагчаа томилуулж, авчраад ч шийдэгдэхгүй тохиолдолд хөдөлмөрийн арбитрт хандаж хөдөлмөрийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу аль аль тал ажил хаялтыг хийхгүй гэсэн байдаг. Өнөөдөр арбитрын тогтоол нь ирсэн. Нийслэлийн хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт хорооны тогтоол аравдугаар сарын 10-ны өдрийн дугаар 08 гэсэн хөдөлмөрийн арбитр байгуулах тухай арбитрын дүрэм, хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны нэгдүгээр тогтоолоор батлагдсан энэ дүрмийн холбогдох заалтуудад, хөдөлмөрийн тухай хуулийн 151.2-т заасны дагуу бидний хүсэлтийн дагуу боловсролын сайдын 2025 оны аравдугаар сарын 9-ний өдрийн албан бичгээр явуулсан хүсэлтийн дагуу боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний холбооны хооронд боловсролын яам, Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд үүссэн хөдөлмөрийн сонирхлын маргааныг хэлэлцэх, арбитрыг байгуулах ийм шийдвэр нь ирсэн. Хөдөлмөрийн арбитр Довдонбалжир, Батнасан, Бадамсүрэн гэсэн хүмүүсийг томилсон байна. Үүнийг маргалдагч талуудад мэдэгдэхийг Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын даргад даалгасан байна. Нийслэлийн хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт хорооны дарга, Нийслэлийн засаг даргын орлогч А.Амартүвшиний зурсан бичиг ирсэн байна. Тэгэхээр энэ хөдөлмөрийн арбитрт явах хугацаанд ажил хаях гэдэг бол хамгийн эцсийн арга хэмжээ. Үүн рүү орж болдоггүй хөдөлмөрийн хуулиа зөрчиж байна гэсэн үг. Хэрвээ ийм хөдөлмөрийн хууль зөрчсөн ажил хаялт руу монголын багш нарыг оруулахын бол энэ үйлдвэрчний эвлэлийн хороо бүх хариуцлагыг хүлээнэ шүү гэдгийг анхааруулъя. Ийм л зүйл болно. Энэ ажил хаялт явснаар хүүхдийн аюулгүй байдал яах вэ. Энэ аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах вэ. Эцэг, эхчүүд яах вэ. Сурлагын хоцрогдлыг яах вэ. Энэ асуудлууд хурцаар тавигдана. Үүний зэрэгцээ бид ажил хаялт руу орох юм бол монголын боловсролын түүхэнд хар мөр үлдэнэ. Ажил хаялтаас олигтой юм юу ч гарахгүй. Бид ярилцаад цалин нэмэх талаар ажил хэрэгч уулзалтыг Ерөнхий сайдтай уулзуулж тодорхой шийдэлд хүрэх гэж явж байгаа энэ үед мөн төсвийн санхүүгийн эх үүсвэрийг тооцож түүнийг тусгахаар сангийн яамтай ярилцаж байгаа үед Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай ярилцаж буй энэ үед шууд ажил хаяна гэдэг бол боломжгүй зүйл гэдгийг хэлье.
Өнөөдрийн байдлаар хоёр, гурван санал өгсөн байгаа. Үүнд 100 тэрбум төгрөг бол нэмэлтээр үндсэн цалинг өсгөхөөр ажлын ачаалалтай нь уялдуулахаар өргөн барьсан төсөв дотор байгаа. Цаашлаад хэрвээ багш нарынхаа цалинг үе шаттай нэмэгдүүлнэ гэвэл энэ тоог 560 тэрбумд хүргэх шаардлага байгаа ингэж байж 25 хувийн нэмэгдэл рүү орно. Ингэхийн тулд санхүүгийн тооцоог хийж байгаа юм. Үүний ажлын хэсэгт үйлдвэрчний эвлэл оролцож явсан байгууллага хууль бус ажил хаялт руу монголын багш нарыг түлхэж байгаад харамсаж байна.
Энэ салбарт 94 мянган хүнд 1.8 их наяд төгрөгийг цалинд зарцуулж байгаа. Цаашаагаа 3.3 их наяд төгрөгийн санхүүжилт, эх үүсвэртэй байж 3.5 сая гэсэн үндсэн цалингийн нэмэгдэл рүү орох юм. Багш нарын эсрэг зүйл огт байхгүй цалин нэмэхийн тулд явж байна. Буруу удирдаад байгаа үйлдвэрчний эвлэлийг шүүмжилж байна. Санхүүгийн эх үүсвэр бүх зүйлийг хуулийн дагуу л хийхгүй бол ийм боломжгүй шаардлага тавих нь буруу гэдгийг хэлж байна.
Б.ОРГИЛМАА