Багш нар цалингаа нэмэгдүүлэхийг удаа дараа Засгийн газраас шаардаж, жагсаал, суулт зохион байгуулсан. Тэд цалингийн хэмжээг 3.5 сая төгрөг буюу 1000 ам.долларт хүргэх шаардлага тавьсан билээ.
Хэрэв шаардлагыг хүлээн авахгүй бол арванхоёрдугаар сарын 15-наас ажил хаялт эхлүүлэхээ багш нар мэдэгдсэн.
Боловсрол, шинжлэх ухааны сайд П.Наранбаяр энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ:
“Багш нар цалинг 3.5 саяд хүргэх шаардлага тавьсан. Ерөнхий сайд 2025 оны 1 дүгээр сарын 1-нээс 25 хувиар нэмэгдүүлж, үндсэн цалинг 1.85 сая төгрөг болгох, цаашдаа гурван жилийн төлөвлөгөөгөөр 3.5 саяд хүргэх санал тавьсан. Гэвч үйлдвэрчний эвлэл үүнийг хүлээн авалгүй ажил хаялт зарласан нь харамсалтай” гэж мэдэгджээ.
Тэрээр мөн,
“Ажил хаялт бол хамгийн сүүлчийн арга. Хэрвээ хууль зөрчин ийм хэлбэрээр зохион байгуулбал, хариуцлагыг үйлдвэрчний эвлэлийн байгууллага хүлээнэ” хэмээлээ.
Сайд багш нарын тэмцлийг улс төрийн зорилготой гэж үзсэн байна. Тэрээр “эдийн засгийн нөхцөл хүнд байгаа энэ үед улс төрийн зорилгоор дарамт үзүүлж байна” гэж шүүмжилжээ.
Багш нарын жагсаалыг Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо (МҮЭХ) болон Багш нарын үйлдвэрчний эвлэл хамтран зохион байгуулж байгаа. Харин салбарын яам тэднийг “улс төрийн нөлөөнд автаж байна” гэж мэдэгдсэн.
Сайд П.Наранбаярын дээрх мэдэгдэл олон мянган багшийн дургүйцлийг төрүүлээд байна.