Америкийн Нэгдсэн Улс (АНУ)-ын тэргүүлэх агаарын тээврийн компаниудын нэг болох “United Airlines” нь 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн АНУ-аас Монгол Улс руу Токиогийн Нарита нисэх буудлаар дамжин тогтмол нислэг үйлдэж, 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр энэ жилийн отгон нислэгээ үйлдлээ.
Энэ хугацаанд “United Airlines” агаарын тээвэрлэгч нь нийт 166 суудал (16 бизнес, 150 энгийн зэрэглэл) бүхий “Boeing 737-800” агаарын хөлгөөр долоо хоногт зургаан удаа (ирэх чиглэлд 3, явах чиглэлд 3) хуваарьт нислэг үйлдэж, Монгол Улсад тогтмол үйлчилсэн анхны АНУ-ын агаарын тээвэрлэгч болсон нь түүхэн үйл явдал боллоо.
Денвер, Хьюстон, Лос Анжелес, Нью-Йорк, Сан-Франциско зэрэг АНУ-ын томоохон хотуудаас Монгол Улс руу аялах хугацааг богиносгож, дамжин нислэгийн холболтыг хялбаршуулсан нь тус нислэгийн хамгийн том давуу тал байв.
“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК нь 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр “United Airlines” компанитай “Зорчигчийн аюулгүй байдлын үзлэгийн үйлчилгээний хураамж төлөх гэрээ” байгуулж, Монгол Улсад үйлдэх нислэгийг албан ёсоор дэмжин, зорчигчийн аюулгүйн хамгаалалтыг хангах чиглэлээр байнгын хамтын ажиллагаа өрнүүлэн ажилласан.
Мөн Монгол Улсад “United Airlines” агаарын тээвэрлэгчийн нислэгийг хүлээн авах бэлтгэл ажлын хүрээнд Нисэхийн аюулгүйн хамгаалалтын газар, Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын алба хамтран нийт 114 ажилтныг 8 удаагийн мэргэжлийн онолын ба дадлага сургалтад хамруулсан. Үүнд:
- АНУ-ын Тээврийн аюулгүй байдлыг хангах захиргаа (TSA)-наас зохион байгуулсан “Зөвшөөрөгдөөгүй эд зүйлсийг бодитоор таниулах, биет үзлэг” сэдэвт сургалт;
- АНУ-ын Тээврийн аюулгүй байдлыг хангах захиргаа (TSA)-наас зохион байгуулсан “Itemiser-5X Dual View” рентген төхөөрөмжийн сургалт;
- "United Airlines" агаарын тээвэрлэгчийн зааварлагч, багш нарын зохион байгуулсан Ачаа, шуудан, илгээмжид аюулгүйн үзлэг хийх
- "United Airlines" агаарын тээвэрлэгчийн зааварлагч, багш нарын зохион байгуулсан “Агаарын хөлгийн хоол хүнс, эд зүйлст аюулгүйн үзлэг хийх
- "United Airlines" агаарын тээвэрлэгчийн зааварлагч, багш нарын зохион байгуулсан агаарын хөлгийн гадна талд аюулгүйн үзлэг хийх
- "United Airlines" агаарын тээвэрлэгчийн зааварлагч, багш нарын зохион байгуулсан агаарын хөлгийн дотор үзлэг” сургалт зэрэг Ажлын байран дээрх дадлага сургалтуудад тус тус хамрагдсан байна.
"United Airlines" агаарын тээвэрлэгч 2025 оны 5 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 13-ны хооронд нийт 140 нислэг (хөөрөх чиглэлд 70, буух чиглэлд 70) үйлдэж, 17,798 зорчигчийг аюулгүй тээвэрлэсэн байна.
"United Airlines" агаарын тээвэрлэгч нь нислэгийн чиглэл, сүлжээний шинэчлэлийн бодлогын хүрээнд Монгол Улс руу хийх нислэгээ гэрээ байгуулсан хугацаандаа амжилттай хэрэгжүүлж, төлөвлөсөн нислэгүүдийнхээ аюулгүйн хамгаалалт, аюулгүй байдлыг бүрэн ханган амжилттай гүйцэтгэсэн байна.
Тус компанийн төлөөлөл ирэх онд Монгол Улс руу хийх нислэгээ дахин үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийллээ.
