Хөвсгөл аймгийн Тариалан суманд 20 хоногийн хугацаанд гурван иргэн сураггүй алга болж, албаныхан гурав дахь эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Тодруулбал,
2025 оны есдүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэх газраас 2 настай хүү сураггүй алга болсон гэх мэдээлэл онцгой байдлын байгууллага, цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Дуудлагын дагуу эрэн хайх ажиллагааг эхлүүлж, тухайн өдрөөс хойш 9 хоногийн хугацаанд төр, хувийн хэвшил, иргэдийн хамтарсан баг эрэн хайх ажиллагааг алга болсон газраас 25 км хүртэлх зайны радиуст үргэлжлүүлж байсан юм. Гэвч 2025 оны есдүгээр сарын 25-ны өдрийн 16:00 цагийн орчимд хүүг алга болсон газраас 3-4 км радиус зайд амиа алдсан байдалтай олсон байдаг. Энэхүү эрлийн үйл ажиллагаанд сайн дурынхан, төрийн байгууллагынхан, нутгийн иргэд гээд нийт давхардсан тоогоор 2100 хүн оролцсон тухай албаныхан мэдээлсэн юм.
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт самарт явж байсан 46 настай эмэгтэй алга болсон тухай дуудлага мэдээлэл есдүгээр сарын 22-ны өдрийн 14:40 цагт Онцгой байдлын газарт хүлээн авсан байдаг. Онцгой байдлын газар болон ар гэрийнхэн, төрийн байгууллагынхан нийлсэн 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг түүнийг 19 хоног хайсан ч ямар ч ул мөр олж чадалгүй мухардсан. Улмаар 2025 оны аравдугаар сарын 10-ны өдөр ар гэрийнхний хүсэлтээр эрлийн ажиллагааг түр зогсоогоод байгаа юм.
Мөн л Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ар тархи багийн “Шар жалга” гэдэг газарт тус сумын харьяат иргэн “Ц” нь аравдугаар сарын 6-ны өдрийн 18:00 цагийн орчим иргэн Х-гийн гэрээс гараад сураггүй болсон тухай дуудлага мэдээллээр онцгой байдлын байгууллага, цагдаагийн байгууллага, төрийн байгууллага, ар гэрийнхэн нийлсэн эрлийн ажиллагаа үргэлжилж байна. Одоогоор эрлийн ажиллагаанд ямар нэгэн ахиц гараагүй байгаа юм.
Ийнхүү 20 хоногийн хугацаанд Хөвсгөл аймгийн Тариалан суманд гурван хүн ор сураггүй алга болсон харамсалтай мэдээлэл бүртгэгдээд байгаа юм.