Баянзүрх дүүрэгт зургаан хүүхэдтэй айлын гэр шатаж, очих газаргүй, өмсөх хувцасгүй үлджээ. Тухайн үйл явдал 2025 оны аравдугаар сарын 11-ний өглөөний 10:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт болсон аж.
Тус айл нь 3-15 насны зургаан хүүхэдтэй. Дөрөв нь ерөнхий боловсролын сургуульд, нэг нь коллежид, нэг хүүхэд нь цэцэрлэгт суралцаж байна. Гэвч гэрт нь гал гарсны улмаас хүүхдүүд хоёр өдөр хичээл, сургуульдаа явж чадаагүйг ээж нь хэллээ. Ээж Б.Батзаяа нь 38 настай, хувийн хэвшилд ажилладаг бол аав нь 37 настай. Хөдөө орон нутагт ажилладаг аж. Галын дуудлагын дагуу Онцгой байдлын алба газар дээр нь шуурхай ажиллажээ. Галд хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй байна.
Гэсэн ч хүүхдүүд сэтгэлзүйн хүнд байдалд орсон бөгөөд бүх эд хөрөнгө, хэрэглээний зүйлс шатаж, амьдрах орон гэргүй, өмссөн хувцаснаас өөр зүйлгүй үлджээ.
Энэ тухай ээж Б.Батзаяа ярихдаа “Гал гарах үед түр хугацаанд гэрээсээ гарсан байсан. Галын шалтгаан нь цахилгааны тенийн залгуур халснаас богино холболт үүсэж, массласнаас болсон байж болзошгүй гэж үзэж байгаа” гэв.
Нүүрсний угаараас болж хүмүүс амь насаа алдаж байгаа тул нүүрс хэрэглэхээс татгалзан цахилгаанаар халаалтаа шийдсэн нь гал гарах шалтгаан болсон байж магадгүй хэмээн харуусан ярив.
Албан ёсны галын дүгнэлт 14-21 хоногийн дотор гарна. Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан галын нөхцөл байдалтай танилцаж, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхээ илэрхийлжээ.
Одоогоор тус гэр бүлд ах дүү, ажлын хамт олон болон байгууллагуудаас тусламж хараахан ирээгүй. Хорооны иргэдийн зүгээс анхан шатны дэмжлэг үзүүлж, хүүхдийн хувцас, хичээлийн хэрэгсэл, хүнс зэргээр тусалж эхлээд байна. Тэд очих газаргүй тул танилынхаа агуулахын зориулалтаар ашигладаг орон сууцны зоорийн давхрын байранд түр байрлаад байгаа юм. Уг гэр бүлийн зүгээс манай сайтаар дамжуулан элэг нэгт монголчуудаа тусламжийн гараа сунгахыг хүссэн юм.
Б.БИЛГҮҮН