Dark Light
Нийгэм | 2025-10-14

УЛААНБААТАР ХОТОД БИЗНЕС УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол, Хятадын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой бизнес форум, B2B уулзалт өнөөдөр МҮХАҮТ-д боллоо. Уг уулзалтыг “Мишээл Экспо” ХХК зохион байгуулж, хоёр улсын худалдаа, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын салбарын төлөөлөгчид оролцов. БНХАУ-аас барилга, интерьер дизайн, эрүүл мэндийн технологи, эмийн үйлдвэрлэл, электрон үйлдвэрлэл, гадаад худалдаа, хөнгөн үйлдвэрлэл, үнэт чулуун эдлэл, урлагийн бүтээл зэрэг 20 гаруй чиглэлийн компаниуд оролцож, үйл ажиллагаагаа танилцууллаа. Харин Монголын талаас 30 гаруй бизнесийн байгууллагын төлөөлөл оролцож, хамтын ажиллагааны хүрээнд санамж бичигт гарын үсэг зурсан юм. 
Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “БНХАУ-ын бизнесийн төлөөлөгчидтэй өнөөдөр хоёр удаагийн уулзалт хийлээ. БНХАУ-ын тал олон улсын нисэх буудал болон худалдааны төв, олон улсын зочид буудлын төслийг Хүннү хотын бүтээн байгуулалтын хүрээнд хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Хүннү хот нь цаашид Ази болон Америк тивийг холбосон, дамжин өнгөрөх олон улсын чухал төв болох бүрэн боломжтой юм. Уг хотын бүтээн байгуулалтад нийслэлийн зүгээс 160 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа бөгөөд ирэх жилээс эхний байршлуудад томоохон худалдааны төв, орон сууц, зочид буудлуудын барилгын сонгон шалгаруулалтыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Мөн өнөөдрийн уулзалтын үеэр дэлхийн ноолуурын зах зээлийн 25 хувийг эзэмшдэг бизнесийн төлөөлөгч ирж, энэ салбарт хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэх сонирхлоо илэрхийлсэн нь манай хотын эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлнэ гэж харж байна’’ гэв.
Нинбо хотын Хятадын гадаадын хөрөнгө оруулагчдын худалдааны танхимын дарга Сюэ Жинли “Манай Нинбо хотын хилийн чанад дахь хятад бизнес эрхлэгчдийн холбоо өнөөдрийн байдлаар дэлхийн 40 гаруй оронд салбартай, 480 гаруй гишүүн байгууллагатай үйл ажиллагаа явуулж байна. Холбооны гишүүн байгууллагууд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг олон салбарт ажилладаг. Миний бие энэ удаагийн бизнес уулзалтад ноос ноолуурын компаниа төлөөлөн оролцож байна. Бид сүүлийн 20 гаруй жил Монголын ноос ноолуурын компаниудтай хамтран ажиллаж ирсэн. Монголын түүхий эдийн чанар маш сайн, харин бидний хувьд олон улсын зах зээлд борлуулах туршлага, техник технологи дээрээ тулгуурлан харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлсээр ирсэн. Монгол Улсын Засгийн газраас манай компанийн үйл ажиллагааг байнга дэмжиж ирсэнд гүнээ талархаж байна. Тухайлбал, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ 2023 онд манай компанид зочилж, санал солилцсон нь бидний хувьд чухал дэмжлэг болсон. Одоогоор бид Монгол Улсад өөрсдийн үйлдвэрлэлийн баазыг байгуулах чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд төрөл бүрийн ноосыг боловсруулах боломжийг судалж байна. Цаашид энэ чиглэлээр Монголын талтай илүү ойр, тогтвортой хамтын ажиллагаа хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна’’ гэлээ.
Энэхүү уулзалтыг Монгол, Хятадын худалдааг дэмжих холбоо, Нинбо хотын Хилийн чанад дахь бизнес эрхлэгчдийн худалдааны танхимын санаачилгаар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон МҮХАҮТ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан. Бизнес форум, B2B уулзалтад БНХАУ-ын Нинбо хотын хилийн чанад дахь бизнес эрхлэгчдийн худалдааны танхим болон түүний салбар нийгэмлэгийн хүндэт ерөнхийлөгчид оролцсоноороо онцлог байв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19