Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн БНЭУ-д хийж буй төрийн өндөр дээд хэмжээний айлчлалд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважаваар ахлуулсан 60 гаруй бизнес эрхлэгчид дагалдан явж буй бөгөөд өнөөдөр 2025 оны 10 сарын 15-ны өдөр Энэтхэг-Монголын бизнес форумыг Шинэ Дели хотноо зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Монгол Энэтхэг хоёр улсын талаас уул уурхай, эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуй, аж үйлдвэрлэл, барилга зэрэг салбарын 150 гаруй аж ахуйн нэгж оролцож, харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллах боломжийн талаар бизнес уулзалтууд хийлээ. Энэхүү форум нь хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, уул уурхай,сэргээгдэх эрчим хүч, мэдээллийн технологи, аялал жуулчлал, хүнсний үйлдвэрлэл, дэд бүтэц гэх мэт Монгол Улсын хурдацтай хөгжиж буй салбарын ашиглагдаагүй боломжуудыг судлах зорилготой юм.
Форумыг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, Энэтхэгийн Аж Үйлдвэрийн Холбооны Ерөнхийлөгч асан Мадхав Сингханиа нар үг хэлж, хоёр улсын эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, бизнесийн уялдааг нэмэгдүүлэхийн ач холбогдлыг онцлов. Мөн Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Атул Малхари Готсурве, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд нар мэндчилгээ дэвшүүлж, Монгол, Энэтхэгийн уламжлалт найрсаг харилцаа стратегийн түншлэлийн түвшинд өргөжиж, худалдаа, эдийн засаг, эрчим хүч, дэд бүтэц, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлж буйг онцлон тэмдэглэв.
Арга хэмжээний үеэр МҮХАҮТ болон Энэтхэгийн Аж Үйлдвэрийн Холбоо хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурж, хоёр орны бизнесийн харилцааг өргөжүүлэх шинэ алхам тавилаа. Форумын хүрээнд Монгол, Энэтхэгийн талууд эдийн засаг, уул уурхай, тээвэр ложистик, эрчим хүч, эмийн үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах боломжуудын талаар илтгэл тавьж, санал солилцлоо.
Энэхүү бизнес форум нь Монгол, Энэтхэгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх чухал арга хэмжээ болж байгаа бөгөөд Бизнес форум хоёр улсын бизнес эрхлэгчдийн B2B уулзалтаар үргэлжлэн өндөрлөх юм.