Dark Light
Нийгэм | 2025-11-04

ОН ГАРСААР 211.2 САЯ АМ.ДОЛЛАРЫН МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН ЭКСПОРТЛООД БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Ажлын хэсэг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны  2025.11.04-ний өдрийн хуралдаанд  Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хийлээ.  
Монгол Улсын Засгийн газрын “Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 56 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд 19 арга хэмжээг тусгасан нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан салбарын сайдаар батлуулан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газрын 56 дугаар тогтоолын дагуу долоон арга хэмжээ бүрэн хэрэгжсэн, 12 арга хэмжээ хэрэгжих шатанд, нэг арга хэмжээ хэрэгжилт хангалтгүй түвшинд байна гэв.
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс зудын урьдчилсан төлөвийг газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ, ган, зуншлага, 2025-2026 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, агаарын температур, хур тунадасны дундаж зэрэг мэдээлэлд үндэслэн 11 дүгээр сарын байдлаар боловсруулан гаргасан байна. Уг үнэлгээнээс үзэхэд, нийт нутгийн  3  хувьд нэн их, 22 хувьд их, 21 хувьд дунд зэрэг, 26 хувьд бага, 28 хувьд маш бага хүндрэлтэй байхаар байна. Өөрөөр хэлбэл, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн ихэнх нутгаар цасны нөхцөл тооцоогдоогүй байх үед зудын эрсдэл их болон нэн их түвшинд үүсэж байгаа нь өвөлжилт тухайн аймгуудад хүндрэх төлөвтэйг харуулж байна.
Энэ жил улсын хэмжээнд 213.3 мянган малчин өрхөд 65.7 сая толгой мал буюу хонин толгойд шилжүүлснээр 122.5 сая хонь өвөлжиж, хаваржих урьдчилсан дүн гарсан. Үүнээс 16.6 мянган малчин өрхийн 5 сая 724 мянган толгой мал отроор өвөлжихөөр байгааг Төрийн нарийн бичгийн дарга мэдээлэлдээ онцолсон.
Аймаг, сумын аюулгүй нөөцөд нийт 36.4 мянган тонн бүдүүн, 30.8 мянган тонн хүчит тэжээлийг бэлтгэхээс бүдүүн тэжээлийн бүрдүүлэлт 77.4, хүчит тэжээлийн бүрдүүлэлт 35.8 хувийн гүйцэтгэлтэй бэлтгэж байна. Энэ онд улсын хэмжээнд малчдын түвшинд хадлан 1.3 сая, сүрэл 4.7 мянга, ногоон тэжээл 51 мянга, үйлдвэрийн тэжээл 26 мянга, гар тэжээл 29.3 мянга, дарш 3.4 мянга, давс, хужир  66.9 мянган тонн тус тус бэлтгэжээ.
Түүнчлэн мах, махан бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжүүд 2025-2026 онд нийт 162 мянган тонн мах экспортлох нөөцтэй бөгөөд өнөөдрийн байдлаар 59 аж ахуйн нэгж 51 мянган тонн мах, махан бүтээгдэхүүнийг 211.2 сая ам.доллароор экспортолсон байна. 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 57099 толгой бог малыг амьдаар экспортод гаргах зөвшөөрөл олгосноос 43000 толгой малыг экспортолсон. Мах, малыг хонин толгойд шилжүүлснээр 2.8 сая толгой малыг экспортлоод байна. Амьд малын экспортыг авч үзвэл Бүгд Найрамдах Узбекистан Улс руу 26565 толгой хонь, Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу 2680 толгой хонийг тус тус экспортолсон талаар Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн танилцууллаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23