Пунцагбалжирын ЭНХМӨНХ
1985-2025
Монгол Улсын Тод Манлай Уяач, Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Дэд Ерөнхийлөгч Пунцагбалжирын ЭНХМӨНХ зуурдаар таалал төгсөж, морьтон түмний сэтгэлд нөхөж баршгүй гарз тохиолоо.
Төв аймгийн Баян сумын уугуул Монгол Улсын Тод Манлай Уяач, Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Дэд Ерөнхийлөгч П.Энхмөнх агсан нь бага наснаасаа аавыгаа дагаж адуутай нөхөрлөж, морьтны их соёлын үнэт өвийг өвлөн тээгч нэгэн байв. Тэрээр Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны анхны Ерөнхийлөгч Галбадрахын Пунцагбалжир агсны ариун үйл хэргийг нэр төртэйгөөр өндөрт өргөн залгамжилж, Монголчуудын эв нэгдлийн бэлгэдэл Монгол наадам хурдан морины уралдааныг зохион байгуулах, адуу дагасан их өв соёлыг хадгалан хамгаалах, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, хөгжүүлэх их үйлсэд манлайлан оролцож үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан хурдан морины эрхэм зүтгэлтэн байлаа.
Тэрээр өвөг дээдсээсээ өвлөсөн буянт адуун сүргийг өөрийн оюун ухаанаараа цогцлоон бие болгож уяж, сойн Үндэсний Их баяр наадам, Монголын шигшмэл хурдан морьдын “Их Хурд” уралдаан, Улсын бүсийн уралдаан болон олон наадмуудад торгон жолоо өргүүлж, Монгол Улсын Тод Манлай Уяач хэмээх морьтны дээд эрхэм цолны эзэн болж, Монголын нийт морь сонирхогчдын хүндэтгэлийг хүртсэн нэгэн байлаа.
Мөн тэрээр зөвхөн морин спорт төдийгүй үндэсний спортын бусад төрөл, олон улсын спортын баг тамирчдыг тогтмол дэмжиж, урлаг соёл, нийгмийн сайн сайхны төлөөх хүмүүнлэгийн үйлст бага хамт олноо уриалж манлайлан оролцож, нийгэмд эерэг үнэт зүйлийг түгээж явсан билээ
П.Энхмөнх агсан гэр бүлдээ халамжит хань, үр хүүхдэдээ үлгэр дуурайл болсон эцэг, анд нөхөд, хамт олныхоо дунд итгэлт нөхөр, уяачдын дунд хүндлэлт манлай байсан юм.
Түүний гэгээн дурсгал, бүтээн байгуулсан үйл хэрэг нь Монголын морьтны их түүхэнд мөнхөд дуурсагдаж, морьтон түмний зүрх сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх болно.
Түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо болон Монголын нийт уяачдын өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж байна.
Гэгээн дурсгал нь мөнхөд гэрэлтэх болтугай.
|
Эх сурвалж
| Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо
|
АДМИН








Нийгэм








