Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглалын 2024 оны судалгаагаар нэг хүнд ногдох хөдөлмөрийн дундаж бүтээмж 11.3 мян.доллар байгаа нь дэлхийн дунджаас 3.6 дахин бага байна.
Эдийн засгийн өсөлтийг тогтвортой байлгах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадаадын дэвшилтэт технологи, туршлага аргачлалыг нэвтрүүлэх, ажилчдын ур чадварыг сайжруулах замаар бүтээмжийг ахиулах нь бодит цалинг өсгөх хөшүүрэг юм.
ГБХНХЯ-аас Азийн бүтээмжийн байгууллага, Монголын бүтээмжийн холбоотой хамтран ажиллаж “Үндэсний бүтээмжийн мастер төлөвлөгөө”-г боловсруулан өнөөдөр оролцогч талуудад танилцууллаа. Танилцуулгын эхэнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нээж үг хэллээ.
Энэхүү төсөлд үндэсний түвшинд бүтээмжийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн 5 стратеги, зорилтыг тодорхойлж, төр болон хувийн хэвшил, мэргэжлийн холбоод хамтран хэрэгжүүлэх тогтолцоо, арга замыг тусгасан. Тухайлбал,
• Зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх;
• Шинэ техник технологийг нэвтрүүлэх;
• Ажиллах хүчний ур чадварыг сайжруулах;
• Үр ашигтай бизнесийг орчинг дэмжих;
• Тэгш, хүртээмжтэй хөгжил.
Цаашид дээрх 5 стратегийг салбарын бодлого, төлөвлөлтөд хэрхэн тусган хэрэгжүүлэх талаар оролцогч талууд санал солилцож, идэвхтэй оролцлоо.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Бүтээмжийн хувьсгал” санаачилгыг бүх түвшинд өрнүүлж, ажилгүйдлийн түвшинг тууштай бууруулах бодлого баримталж, Монгол хүний хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлсийг жил бүр нэмэгдүүлэх зорилт туссан. Мөн Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд салбарын боловсруулалтын түвшнийг дээшлүүлж, бүтээмж, төрөлжилтийг нэмэгдүүлснээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг 6 хувиас дээш түвшинд тогтвортой хадгалах зорилт тавиад байна.
АДМИН








Нийгэм








