Мото спортоор 8 настайгаасаа А.Анар, 6 настайгаасаа А.Алтжин, усан спортоор 7 настайгаасаа хичээллэж эхэлсэн А.Алтаннар нартай ярилцлаа.
А.Анар /авто мото спортын мастер/
-Мото спортыг хэзээнээс сонирхож эхэлсэн бэ? Сонирхох болсон шалтгаан нь юу вэ?
-Манай аав тамирчин хүн. Багаасаа харж өссөн болохоор хичээллэх дуртай болсон.
-Мото спортын ямар мэдрэмж нь хамгийн сайхан бэ?
-Миний хувьд байгальд уралддаг, хүмүүсийн очиж үзээгүй газар олон хоногоор уралдаанд явдаг болохоор гоё байдаг.
-Уралдаж байх явцдаа бэртэл авч байсан уу?
-Хүнд зэргийнх биш ч бэртэл авч байсан.
-Аав нь их дэмждэг санагдсан. Одоо мото спортоороо уралдаанд оролцдог уу?
-Аав уралдахаа болиод багш болсон. Анх бид хоёрын бичлэгийг дурсамж үлдээх гэж хийж байсан юм. Тэр нь их хүмүүст хүрээд уралдаанд явах үед хүмүүс их таньдаг болоод байгаа.
-Мото спортоор хичээллэхэд зардал их гардаг уу?
-Зардал маш өндөр. Олж байгаагаасаа илүү зардал нь өндөр байдаг. Бид хавар, зун л уралддаг. Өвөл, намартаа ажил хийж уралдах зардлаа олдог. Унах мото, машин, тэмцээний өдөр хэрэглэх бензин тос гээд зардал их гарна. Уралдаандаа муу оролцох үедээ өөрийгөө их зэмлэдэг юм. Аав минь бид хоёрын төлөө ингэж их хичээж байхад муу байлаа гэж бодогдоод хэцүү байдаг.
-Ихэнх хүмүүс энэ спортыг эрэгтэйчүүдийн спорт гэсэн ойлголттой байдаг?
-Хувь хүнээсээ л шалтгаална. Миний бодлоор эмэгтэй хүн энэ спортоор хичээллэвэл илүү өндөр амжилт үзүүлнэ гэж боддог. Учир нь эмэгтэй хүн нягт нямбай, хянуур уралддаг. Уралдааны турш эрэгтэй тамирчидтай харьцуулбал алдаа гаргах нь маш бага, анхаарлаа маш сайн төвлөрүүлж чаддаг юм шиг санагддаг юм.
-Ирээдүйн юу хийе гэсэн зорилготой байгаа вэ?
-Дакарт орох зорилготой байгаа. Азиас хамгийн анхны эмэгтэй баг болж орно гэсэн мөрөөдөлтэй. Удахгүй боломж олдохоор орох байх.
-Энэ тэмцээнд орохын тулд ямар шаардлагыг хангасан байх ёстой байдаг вэ?
-Дакарт орохын тулд дэлхийн цомын тэмцээнүүдэд орсон байх ёстой. Мөн санхүүгийн хувьд тэмцээнийхээ зардлыг өөрсдөө гаргах бололцоотой байх хэрэгтэй.
А.Алтжин /мото спортын мастер/
-Мото спортын ямар мэдрэмж нь хамгийн сайхан бэ?
-Би анх 6 настайгаасаа мото спортод уралдаж эхэлсэн. Спортоор хичээллээд бэлтгэл хийхэд адреналин их ялгарна. Тэр талаасаа би их дуртай гэж боддог. Тэмцээн болгонд өөр өөр зам дээр уралддаг, шинэ туршлага хуримтлуулдаг юм. Шат шатаар шинэ сорилттой болохоор үзүүштэй, өөрийгөө сайн сорьж чаддаг юм шиг санагддаг.
-Мото маш эрсдэлтэй спорт. Эмэгтэй тамирчид хэр их байдаг вэ?
-Кроссын хувьд эмэгтэй тамирчин байхгүй. Indoor бол өнгөрсөн жил болон энэ жилээс эмэгтэй тамирчид уралдаж байгаа.
-Аавынх нь хувьд та хоёрыг хэр дасгалжуулдаг вэ?
-Бид хоёрыг яаж зураг унших, хэрхэн эргэх зэргийг сайн зааж өгдөг. Бүх зүйлээр дэмжиж өгдөг юм. Тэмцээнд муу оролцсон ч бид хоёрыг зэмлэдэггүй. Тэмцээн ямар нэгээр дуусах биш дараа нь дахиад байгаа гэж бид хоёрыг их тайвшруулдаг. Аав минь олон жилийн туршлагатай болохоор бид хоёрт сайн зөвлөгөө өгдөг юм.
-Ирээдүйн юу хийе гэсэн зорилготой байгаа вэ?
-Би сургуулиа төгсөөд багт орж бэлтгэл хийж үзээд дэлхийн аваргын тэмцээнд орох зорилготой байгаа. Бас эгчтэйгээ хамт том тэмцээнд оръё гэж бодож байна.
А.Алтаннар /усан спортын мастер/
Би 17 настай. 10 жил усан спортоор хичээллэж байна. Монгол улсын 3 рекордыг өөр дээрээ эзэмшдэг.
-Танай гэр бүл хэдүүлээ вэ?
-Ам бүл тавуулаа. Бүгд спортын хүмүүс. Манай ээж залуудаа бүжигчин байсан.
-Усан спортыг сонирхох болсон шалтгаан нь юу байсан бэ?
-Анх манай ээж намайг тураах зорилготой явуулж байсан. Угаасаа би усанд дуртай. Мэлхийний орд болохоор усанд их дуртай байх гэж боддог. Сүүлдээ энэ спортдоо дурлаад бүр хайртай болсон.
-Усан спортын ямар төрлөөр хичээллэдэг вэ?
-Би холын зайнд Монгол улсдаа номер нэг болсон гэж боддог. Зун Сингапурт болсон дэлхийн аваргын тэмцээнээр анх удаа далайн усанд сэлж үзсэн. Олимпод усан спорт, “openwater” буюу далайд сэлэх төрөл байдаг. Би 2028 оны олимпод далайд сэлэлтийн төрөлд нь оръё гэж бодож байгаа.
-Амжилт үзүүлэх магадлал хэр гэж бодож байгаа вэ?
-Монголд “openwater” төрөл хөгжөөд явчихвал оръё гэж бодож байгаа. Манай улсад усан спорт бусад гадаадын улсуудтай харьцуулахад хөгжиж амжаагүй. Дэлхийн стандартад нийцсэн нэг ч бассейн байдаггүй болохоор бидэнд бэлтгэл хийх орчин, хангамж муу байдаг.
-Мото спортыг хэр сонирхдог вэ? Хичээллэж үзье гэж бодож байсан уу?
- Хичээллэж үзье гэж боддог байсан. Хүн болгон 2 эгч чинь уралдаж байхад чи яагаад уралддаггүй юм гэдэг. Мото унаж үзээд хэцүү байдгийг нь ойлгосон. Усан спорт зөвхөн биеэ удирддаг бол мото спорт бие болон мото гээд 2 зүйлийг зэрэг удирддаг.
-Ирээдүйн юу хийе гэсэн зорилготой байгаа вэ?
-Хичээлээ сайн хийгээд хуульч хүн болно гэж боддог.
Б.ЭНХЗАЯА








Нийгэм






