Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан хээрийн томоохон түймрийн асуудлаар Монгол болон Японы сошиал хэрэглэгчдийн дунд бухимдал газар авч байна. Иргэд Япон улстай холбоотой компанийн зүгээс үзүүлсэн хариу үйлдэл дэндүү удаан байгааг шүүмжлэхийн зэрэгцээ олон нийтийн хэлэлцүүлэг дэх "давхар стандарт"-ыг ч хөндөж эхэлжээ.
Түймэр анх 2026 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Дорнод аймгийн нутаг, байгалийн өндөр ач холбогдолтой Нөмрөгийн дархан цаазат газрын голомт бүсэд гарсан юм. Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны албан ёсны мэдээллээр түймэрт нийт 530,000 орчим га талбай өртсөний 470,000 гаруй га нь дархан цаазат газарт хамаарч байна. Энэ нь тус тусгай хамгаалалттай газар нутгийн нийт талбайн 79.8 хувь юм, хэмээн 凤凰网 агентлаг уламжлав.
Монголын онцгой байдлын алба хаагчид найман хоногийн турш өдөр шөнөгүй ажилласны эцэст 10 дугаар сарын 16-ны өдөр түймрийг бүрэн унтраажээ. Гал түймэр хоёр улсын хил рүү ойртох үед Хятад улс Хятад-Монголын хилийн Өвөр Монголын хэсэгт гал түймрээс урьдчилан сэргийлэх харуулын ажилд 3400 гаруй онцгой байдлын алба хаагчийг дайчлан ажиллуулсан байна.
Энэхүү гал түймэрт Японы "KDDI" компанийн хөрөнгө оруулалттай Монголын үүрэн холбооны оператор "Мобиком" компани холбогдоод байгаа юм. Японы "KDDI" компани өнгөрсөн мягмар гарагт албан ёсоор уучлал гуйж, уг үйл явдал болох үед "Мобиком"-ын удирдлагууд дархан цаазат газар дотор байсныг хүлээн зөвшөөрчээ. Хөрөнгө оруулагч компани байгаль орчинд учруулсан ноцтой хохирлыг "маш чухалд тооцож" байгаагаа илэрхийлсэн ч гал чухам юунаас болж гарсан талаар тодорхой мэдээлэл өгөлгүй, Монголын талын албан ёсны мөрдөн байцаалтын үр дүнг хүлээнэ гэсэн байна.
"Мобиком" компанийн зүгээс тэдгээр ажилтнуудыг тус бүс рүү 4G сүлжээний туршилт хийхээр урьдчилж мэдэгдсэний үндсэн дээр нэвтэрсэн гэж тайлбарлаж буй ч Монголын засгийн газрын албан тушаалтнууд үүнд эргэлзэж байгаагаа олон нийтэд илэрхийлсэн юм. Монголын зарим орон нутгийн хэвлэлүүд тэднийг өөр зорилгоор тус бүсэд нэвтэрсэн байж болзошгүй гэж мэдээлж байгаа ч энэ нь албан ёсны шалгалтаар хараахан тогтоогдоогүй байна.
Энэхүү экологийн асар том хохирол цахим орчинд хүчтэй эсэргүүцэл дагууллаа. Монголын сошиал хэрэглэгчид буруутай этгээдүүдэд бүрэн хариуцлага хүлээлгэж, сүйрсэн дархан цаазат газрыг иж бүрэн нөхөн сэргээхийг шаардаж байна.
Японы "Japan Daily" хуудасны Фэйсбүүк пост доор нэгэн хэрэглэгч "Японы компани зэрлэг байгалийг нөхөн сэргээх зардлыг хариуцна гэж найдаж байна!" хэмээн сэтгэгдэл үлдээжээ. Өөр нэг хэрэглэгч "Энэхүү эмгэнэлт явдлаас өмнө олон монголчууд тэрхүү үзэсгэлэнт онгон байгалийг өөрийн нүдээр харж ч амжаагүй байсан юм" гэж бичсэн байна.
Монголын олон цахим хэрэглэгчид ийм хэмжээний байгаль орчны сүйрлийг зөвхөн мөнгөөр эсвэл уучлал гуйгаад нөхөж чадахгүй гэдгийг онцолж, буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл ногдуулах, хөрс, ургамал, зэрлэг амьтдын хохирлыг нарийвчлан үнэлэхийг уриалж байна.
Шүүмжлэл Японы цахим платформд ч мөн гарч ирэв. Японы зарим иргэд тус улсын олон нийтийн санаа бодол дахь давхар стандартыг заалаа. Түүгээр ч барахгүй Японд гадаадын иргэд байгаль орчныг нь сүйтгэж байгаа тухай мэдээлэл маш их газар авдаг атлаа, Японы компани хилийн чанадад ийм том хэмжээний экологийн сүйрэл учруулахад Японы дотоодод чимээгүй байгааг тэд гайхаж байна.
Японы нэгэн сошиал хэрэглэгч "Байгаль орчин зөвхөн уучлал гуйж, нөхөн олговор төлснөөр шууд сэргэчихгүй" гэж сэтгэгдэл үлдээжээ. Бусад хэрэглэгчид энэ нь хил дамнасан эрсдэлтэйг сануулж, шатсан газар нутаг нь Токио хотоос хоёр дахин том бөгөөд сүйдсэн хээр тал нутгаас босох шороон шуурга нь зөвхөн Монгол, Хятад төдийгүй Солонгосын хойгт ч нөлөөлж болзошгүйг анхааруулсан байна. Үүнээс гадна Японы засгийн газар энэхүү гамшгийн талаар олон нийтэд ямар нэгэн мэдэгдэл хийхгүй, чимээгүй байгааг хэд хэдэн хүн шүүмжилжээ.
Монголын эрх баригчид уг хэргийг Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлэн, өргөн хүрээний мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлээд байна. Албаныхан холбогдох компанийн ажилтнуудаас гадна тус бүс рүү нэвтрэх зөвшөөрөл олгосон захиргааны ажилтнуудад хариуцлага тооцож, эдийн засгийн болон урт хугацааны экологийн хохирлыг бүрэн нөхөн төлүүлэхээ мэдэгдлээ. Тусгай ажлын хэсэг байгаль орчны олон талт хохирлыг тодорхойлж, нөхөн сэргээх төлөвлөгөө гаргахаар газар дээр нь судалгаа хийж байна.
Монгол Улс дахь Японы Элчин сайдын яамнаас өнгөрсөн пүрэв гарагт сошиал хуудсаараа дамжуулан уг үйл явдалтай холбогдуулан мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд гал түймрийн улмаас учирсан ноцтой хохирлыг анхааралтай ажиглаж байгаагаа дурдаад, "Мобиком" компанийг нөхөн сэргээх арга хэмжээ авахыг идэвхтэй шаардахаа амласан байна.
Гэвч тус постын доор нэгэн иргэн "Энэ хариу үйлдэл хэтэрхий оройтоогүй гэж үү? Та нар өдийг хүртэл нүдээ аниад, чимээгүй суусаар ирлээ шүү дээ" хэмээн хариу бичжээ.
ТАТАР МАЙДАР





Нийгэм



