“Эрдэнэс Монгол” ХХК мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд:
Сүүлийн өдрүүдэд нэр бүхий зарим цахим сайт, хувь хүний хаягаар “Гашуун Сухайт Авто зам” ХХК болон “Эрдэнэс Монгол” нэгдлийн үйл ажиллагаа, удирдлагуудын нэр хүндэд халдсан, баримт нотолгоогүй, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл удаа дараа нийтлэгдэж, нэгдлийн компаниудын ажил хэргийн нэр хүнд, нийт ажилтан, албан хаагчдын хууль ёсны эрх ашигт ноцтойгоор халдаж буйд харамсаж байна.
“Эрдэнэс Монгол” ХХК нь 2022 оны 12 дугаар сараас эхлэн томоохон төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг зохион байгуулахгүй байх шийдвэр гаргаж, тендер шалгаруулалт зохион байгуулах эрхийг хуульд нийцүүлэн Төрийн худалдан авах ажиллагааны газар болон “Гашуун Сухайт Авто Зам” ХХК-д шилжүүлээд буй. Ингэснээр манай компани тендер зарлаж, оролцогчдод давуу эрх олгох, үр дүнд нөлөөлөх, өөрчлөх боломж бүтэц, зохион байгуулалтын хувьд боломжгүй юм.
“Гашуун Сухайт Авто Зам” ХХК нь Монгол Улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрс тээврийг Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн авто замаар саадгүй, хэвийн явуулах нөхцөлийг хангах, замын засвар арчлалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хураамжийн орлогын бүрдүүлэлт болон хяналт шалгалтын ажлыг 24 цагийн турш тасралтгүй гүйцэтгэн ажилладаг.
Тус компанийн бүх үйл ажиллагаа нь холбогдох хууль, журам, хяналтын тогтолцооны дагуу ил тод, нээлттэй, шударга зарчмаар явагддаг болохыг онцлон тэмдэглэж байна.
Иймд хэвлэл мэдээллийн байгууллагууд болон олон нийтийг нотолгоогүй мэдээлэлд авталгүй, холбогдох байгууллагаас бодит эх сурвалжийн мэдээлэл авч, мэргэжлийн ёс зүй, хариуцлагатай мэдээлэл түгээх зарчмаа чанд баримтлан ажиллахыг уриалж байна.
Түүнчлэн “Эрдэнэс Монгол” ХХК нь байгууллага болон удирдлагынхаа нэр хүнд, нийт ажилтан, албан хаагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах үүднээс шаардлагатай тохиолдолд хууль хяналтын байгууллагад хандаж, холбогдох бүх арга хэмжээг авч ажиллахаа үүгээр мэдэгдэж байна.
Цаашид ч бид худал мэдээлэл тараасан этгээдэд хууль, шүүхийн байгууллагын хүрээнд хариуцлага тооцуулах эрхээ хадгалж, олон нийтэд үнэн бодит мэдээллийг тогтмол түгээж ажиллах болно.
|
Эх сурвалж
| “Эрдэнэс Монгол” ХХК
|
АДМИН








Нийгэм






