НҮБ-аас жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг. Монгол Улсад 100,000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих "UB ABILITY EXPO 2025" арга хэмжээ энэ өдөр зохион байгуулагдаж, бид сурвалжиллаа. Нүд нь гэрэлтсэн, сэргэлэн 21 настай охин бидний анхаарлыг татсан юм. Л.Чанцалдулам төрөлхийн тулгуур эрхтний бэрхшээлтэй. Бага байхад нь ойлгох хүүхэд ховор, шоглож, найзлах хүүхэд үл олдоно. Гэсэн ч тэр амьдралд гутарсангүй. Өөрийгөө сурч, хөгжүүлэх бүхий л зүйлд дайчилсаар иржээ.
Тэрбээр "Төрөлхийн тулгуур эрхтний бэрхшээлтэй болохоор ангийн хүүхдүүд доголон шаазгай гэж шоолдог байсан. Зарим үед амиа хорлох бодол хүртэл төрж байсан" хэмээн бидэнд сэтгэлээ уудалсан юм.
Төрөлхийн түнхний мултралтай, ослоос болж нурууны гэмтэл хоёр хавсраад тулгуур эрхтний бэрхшээлтэй гэж явдаг. Багаасаа доголж алхдаг байсан түүнийг ангийнх нь хүүхдүүд доголон шаазгай гэхэд нь өөртөө гутарч, бусад хүүхдүүд зүгээр байхад би яагаад ингэж төрсөн юм бол гэж бодож сэтгэл гутралд ороод өөртөө итгэлгүй явдаг байжээ. Ажлын байран дээр гараад, нэг газар өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэйгээ нуугаад анкет өгөөд ажиллатал ажлын ачааллаа даахгүй болоод иртэл чи чинь тахир дутуу байсан юм уу гэж хэлээд гаргаж байсан аж. Тэр үед өөртөө ямар ч итгэлгүй болоод, ахиж ажлын анкет өгөх хүсэлгүй болсон гэв. Хааяа үхээд өгөх юм сан гэх үе байсан. Яагаад би энэ амьдралыг туулах ёстой гэж, бусад шиг энгийн явж болохгүй байгаа юм бэ, яагаад би хөгжлийн бэрхшээлтэй гэж хэлүүлэх ёстой гэж маш их гутарч явсан үе зөндөө. Гэрийнхэндээ яах гээд байгаагаа илэрхийлж чадахгүй, уурлаж, үл ойлголцол, маргаан үүсгэх нь энүүхэнд. Өөрийгөө ойлгуулах гээд том, бага дуугараад л, би үхээд өгье гэхэд "чи болохгүй ээ, чи жоохон хүүхэд шүү дээ" гээд ээж минь их дэмжсэн хэмээн уйлна. Тэрбээр "Сэтгэл гутралаа өөртэйгөө тэмцэж, ярилцаад л давсан. Доголоод, далий мурий алхаад явахад энэ доголон, тахир дутуу юм байна гэж хэлдэг. Тэгж хэлүүлэхгүйн тулд хөгжлийн бэрхшээлтэйгээ нууж, энгийн хүн шиг биеэ засаад алхаад сурчихсан болохоор хүмүүс ихэнхдээ анзаарахгүй байгаа. Одоо нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Манай хүн маш их дэмждэг. Хүүхдээ би харчихна, юу хүсэж байна, юу хиймээр байна, хүссэнээ хий гэдэг. Би гармаар байдаг ч гэсэн хэн юу гэх бол, нэг газар очиход чи ийм тийм гээд хэлчих болов уу гэж айгаад өнөөдрийг хүртэл зоригтой алхам хийж чадаагүй л байна. Одоо хүүхэд маань том болоод, өөр рүүгээ өнгийгөөд харсан чинь би ингээд суугаад байж болохгүй юм байна. Залуу хүн байж өөртөө гутраад, хүний хэлсэн үгэнд өөрийгөө ороогоод суугаад байх нь буруу гэдгийг ойлгоод эрэл хайгуул хийгээд зорилгынхоо төлөө өөрийгөө өөрчилж байгаа.
Бусад хүмүүст сэтгэл гутралаа давах зөвлөгөө өгч, бүгдээрээ бусдаас жаахан л онцгой болохоос биш яг л адилхан хүн шүү, ямар ч хүн юу гэж ч муухай хэлж байсан битгий хүндээр тусгаж аваарай, улам хүчтэй, онцгой байдлаа давуу тал болгоод өөрийнхөө төлөө хүчтэй алхаарай. Бусдыг гэрэлтүүлдэг дэнлүү нь байгаарай.
Энгийн хүмүүстээ хандаж хэлэхэд бид хэдий та бүхнээс өөр ч гэсэн, та нартай яг адилхан сэтгэл зүрхтэй, хүмүүсийг байгаагаар нь хайрлаарай" хэмээн ярьсан юм.
Хөгжлийн бэрхшээлтэй, энгийн гэлтгүй нэгнийгээ байгаагаар нь хайрлацгаая.
Т.УНДРАХБАЯР








Нийгэм








