АҮЭБ-ийн дэд сайд Б.Энхтүвшин шатахуунтай холбоотой нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Бид ОХУ, нефть импортлогч компаниуд, түгээлтийн компаниудтайгаа шахуу хөтөлбөртэй ажиллаж байна. Үүний үр дүнд ОХУ нийлүүлж байгаа бүтээгдэхүүн сарын эхэндээ ахиухан, сарын дундуур тасалдаад, сарын сүүл рүү нэлээд шахаж байна. ОХУ-ын талд өөрсдийн нөхцөл байдлаа хэлж, учирлаж хэлсний хүчинд сүүлийн өдрүүдэд АИ-92 бензин сайн нийлүүлэгдэж байна. Гэсэн ч оочер төдийлөн сайн буухгүй байсан. Үүн дээр бид шуурхай арга хэмжээ авч нефть импортлогч нартай зарчмын хатуу байр суурьтай ажилласны үр дүнд өнөөдрөөс эхлээд харьцангуй оочер дараалал багасаж байна. Ард түмэн банкандаа бензинтэй оноо гаргана. Өчигдөр манай яамныхан шөнө 11:00-03:00 хүртэл шатахуун түгээх станц, агуулахуудад ажиллалаа. Сүүлийн гурван өдөр дараалан мониторинг хийж асуудлыг хайж ажилласан. 250 гаруй ШТС-д зэрэг нийлүүлэлт хийгдээд, нөөц нь бүрдвэл харьцангуй гайгүй болох хандлага байгаа. Гэсэн ч өчигдрийн байдлаар 181 ШТС-уудад түгээлтээ хийлээ. 24-нд 74 вагон, 25-ны байдлаар 36 АИ-92 бензин агуулахад буугаад, ШТС руу түгээлт хийхээр ажиллаж байна.
Ард иргэд минь уужирч, тайвшир, бид шинэ жилээ бензиний хомсдолгүй давах болно
Хоёрдогч эх үүсвэр буюу БНХАУ-аас яриа хэлэлцээр хийсний үр дүнд 11600 тонн АИ-95 бензинийг авахаар гэрээлсэн. Эхний ачилтууд нь ороод ирсэн, 16 вагон Замын-Үүд өртөөнөөс хот руу тээвэрлэгдэж байна. Тиймээс бид үдээс хойшдоо чадвал, чадахгүй бол маргааш өглөө хөдөө орон нутгийнхаа чиглэлд шатахууны түгээлтийг түлхүү өгнө. Зүүн талын гурван аймагт бензин бол хангалттай хүрсэн. Зүүн талын боомтоор 2250 тонн АИ 92 бензин орж ирсэн. Баруун талын гаалийн хилээр 1900 гаруй тонн бензин орж ирсэн. Бид үйлдвэрлэгч орон биш, хэрэглэгч орон. Өнөөдөр ОХУ-тай онлайн хурал хийж өөрсдийн боломж бололцоог нэмэгдүүлэх талаар ярина. Урьдчилаад улирлын өмнө 1,2,3 сарынхаа захиалгыг өгдөг. Үүн дээр 90 мянган тонн АИ 92, АИ 95 бензин авахаар захиалга өгсөн. Гэлээ ч ярилцаж байгаад 140 мянган тонн хүргээд, нөөцийн хомсдолоос гарах тооцоолол хийгээд хүсэлтээ явуулсан.
Т.УНДРАХБАЯР








Нийгэм









