Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Төмөр-Очирын Ням-Очир АНУ-ын Вашингтон хотын орчим, Арлингтон дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Монгол сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, сургуулийн удирдлага, багш нартай уулзаж, санал солилцлоо.
Тус сургуульд жилд 70–75 монгол хүүхэд суралцаж, монгол хэл, түүх, ёс заншил, үндэсний хөгжим, бүжгийн хичээлээр дамжуулан эх хэл, өв соёлоо эзэмшиж байна. Багш нар долоо хоногийн нэг өдөр дөрвөн цагаар сургалтаа зохион байгуулдаг.
Сургалтын хэрэглэгдэхүүнээ өөрсдөө боловсруулдаг. Нийт 7 багш тус бүр нэг анги хариуцах ба анги бүрд монгол хэлний мэдлэг, чадварын түвшин харилцан адилгүй хүүхдүүд суралцдаг тул холимог бүлгийн сургалтын арга зүйгээр хичээллэдэг онцлогтой.
Өдгөө 26 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй тус сургууль нь монгол хүүхдүүдэд эх хэл, түүх, соёл, ёс заншлаа өвлүүлэн уламжлахын зэрэгцээ хилийн чанадад амьдарч буй монгол гэр бүлүүдийг нэгтгэсэн хамтын нийгэмлэгийн чухал төв болон хөгжжээ.
Хүүхдүүд эх хэл, соёлоо суралцах, эцэг эхчүүд харилцан холбогдож, үндэсний өв уламжлалаа хадгалан түгээх орчин ийн бүрдсэн нь гадаадад өсөж буй монгол хүүхдүүдийн үндэсний үнэт зүйл, монгол хүн байх бахархал, эх оронтойгоо холбогдох холбоог бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой юм.
Уулзалтын үеэр сургуулийн захирал, багш нар хилийн чанадад амьдарч буй монгол хүүхдүүдэд зориулсан эх хэл, түүх, соёлын сургалтын хөтөлбөр, арга зүй, хэрэглэгдэхүүнийг боловсронгуй болгох, багш нарт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, сургуулийн үйл ажиллагааны санхүүжилтийн хэлбэр, арга замыг сайжруулах талаар саналаа илэрхийллээ.
ТАТАР МАЙДАР







Нийгэм




