Алдагдалтай ажилласан төрийн өмчит компанийн захирлууд үр дүнгийн урамшуулал авсан асуудлаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ мэдээлэл хийлээ.
Үндэсний аудитын газар 2019-2021 оны хугацаанд алдагдалтай ажилласан байхад гүйцэтгэх удирдлагад 971.9 сая төгрөгийн үр дүнгийн урамшуулал олгосон байна гэх тайланг хийсэн. 2024 онд төрийн өмчит компаниудад хийсэн аудитаар 1 их наяд 29 тэрбум 500 сая төгрөгийн 1555 зөрчил илэрснээс 1.3 тэрбум төгрөгийн 221 зөрчил төлбөрийн акт тогтоосон. 750.1 тэрбум төгрөгийн 600 зөрчлийг арилгах, таслан зогсоох шаардлага өгсөн. 43.7 тэрбум төгрөгийн зөрчил гаргасан 20 албан тушаалтанд хариуцлага тооцох албан шаардлагыг хүргүүлсэн. Үндэсний аудитын газар тодорхой хэмжээнд шаардлага хүргүүлээд байдаг боловч хэрэгждэггүй хэлбэрт байгаа. Төрийн өмчит компаниуд хувьчлалтай холбоотой асуудлууд хөндөгдөж байх энэ хугацаанд зарим компаниуд хувьчлагдах хэлбэр лүү орж ирж байна. 2001 оноос хойш төрийн өмчит компаниудыг хувьчлахтай холбоотой олон шийдвэрүүд УИХ-аас гарсан байдаг. Тус шийдвэрүүдийн гүйцэтгэл 37 хувьтай гэх дүгнэлт гаргасан. Тухайн шийдвэрүүдийн хэрэгжилт маш хангалтгүй явсан.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоогүй нийгмийн шинжтэй төсөл арга хэмжээг санхүүжүүлж байгаа нь ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, олон улсын жишигт нийцүүлэх бодлогын хэрэгжилт хангалтгүйгээс шалтгаалан үр өгөөж нэмэгдэхгүй, нээлттэй ил тод засаглалын орчин бүрдэхгүй байна гэх эрсдэлийн шинжилгээг гаргаж байсан. Улс төрийн болон тодорхой эрх бүхий албан тушаалтнуудын оролцоотой, түүний хамаарал бүхий этгээдүүд улиран, шинээр томилогдож байсан. Орон нутгийн өмчийн болон орон нутгийн оролцоотой үндсэн хуулийн этгээдээс 394 байгууллагад аудит дүгнэлт хийж үзэхэд 415.4 тэрбум 317 алдаа дутагдал илэрч байсан. Нийтдээ хуулийн этгээдүүд дээр үндсэн чиг үүрэг үйл ажиллагаатай холбоогүй төсөл хөтөлбөр арга хэмжээнд зарцуулсан 95 тэрбум төгрөгийн зөрчил илэрч байсан.
Ингээд үзэхээр бид нар төрийн өмчит компанийн удирдлагууд өөрсдөө хэрхэн яаж томилогдож байсан бэ гэх асуудлыг зайлшгүй хөндөх шаардлагатай. Төрийн өмч бодлого зохицуулалтын газар 2025 оны эхэнд төрийн өмчит компанийн удирдлагуудыг сонгон шалгаруулалтаар, ил тод, нээлттэй зарлан тавьж байна гэж мэдээлж байсан. Гэтэл МИАТ, Эрдэнэс Монгол, Эрдэнэс тавантолгой компанийн удирдлагууд сонгон шалгаруулалтаар сонгогдсон уу гэх асуулт төрийн өмч бодлого зохицуулалтын газар дээр очиж байгаа. Сонгон шалгаруулалтаар удирдлага нь тавигдаагүй. Маш олон алдаа дутагдлыг залруулъя, алдагдлыг байхгүй болгоё, нээлттэй ил тод байлгахаар Засгийн газрын түвшинд ажиллаж байна гэж мэдээлдэг, нөгөө талаас өөрсдийнхөө хамаарал бүхий этгээдүүдийг тохойн томилсон хэвээрээ л байна. Цаашдаа хууль эрх зүйн орчинд тодорхой хэмжээний өөрчлөлтүүдийг оруулах шаардлагатай байгаа.
Өнөөдөр оруулж ирсэн материал дотор нь “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын сайтаар иргэд олон нийтээс төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, үндсэн чиглэлийн төсөлд санал авах ажлыг зохион байгуулсан ба 24 иргэнээс төрийн өмчийг хувьчлах дэмжсэн санал ирүүлсэн” гэж байна. 24 иргэний саналаар нээлттэй хувьцаа болгох олон нийтийн санал асуулгыг дэмжсэн байдалтай оруулсан байна. Бид ААНБ-ын бизнес эрх чөлөөг хангая, эдийн засгийн эрх чөлөөг олгоё гэдэг асуудлыг УИХ, Засгийн газар дээр яриад байгаа мөртөө ААНБ-тай давхацсан үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит компаниудын асуудлуудыг оруулж ирэхгүй байгаа вэ гэдэг дээр асуултын тэмдэг байгаа. Цаашид энэ алдаа дутагдлыг давтахгүй байх хэрэгтэй. Төрийн өмч бол иргэний өмч. Энэ иргэдийн өмчийг хэн нэгэн албан тушаалтнууд ийм хэлбэрээр алдагдалтай ажиллуулж төсвийн цоорхойг нөхөх хэлбэрээр үргэлжлүүлэн ажиллуулж, алдагдалтай ажиллуулсан ч гэсэн удирдлагуудад үр дүнгийн урамшуулал олгож, толгойг нь илэх хэлбэр дээр хэдий хугацаанд явах вэ гэдэг асуултыг УИХ дээ авч хэлэлцэхээс өөр аргагүй байдалд орж байна.
Т.УНДРАХБАЯР








Нийгэм









