Эдийн засаг, хөгжлийн яам Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран "Бизнес ба бодлого" уулзалт зохион байгуулав. Энэ удаагийн уулзалтад Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр, дэд сайд С.Даваасүрэн нар оролцож, үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгч компаниудын төлөөлөлтэй эдийн засгийн нөхцөл байдал, бизнесийн эрх зүйн орчин, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд сайд Ж.Энхбаяр “Бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах, хувийн хэвшлийг дэмжсэн бодлого явуулах нь эдийн засгийг тэлэх тулгуур болно. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд үндэсний компаниуд өөрсдийн нөөц боломжид тулгуурлан бойжсон бол цаашид олон улсад өрсөлдөх, экспортлогч орон болоход төрийн зүгээс боломжит дэмжлэгүүдийг үзүүлэх болно” гэдгийг онцоллоо. Тиймээс бизнес эрхлэгчдийг хамтран ажиллаж, төрийн бодлогод өөрсдийн дуу хоолойгоо хүргэж байх ёстой хэмээн тодотголоо.
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Засгийн газрын 300 хоногийн төлөвлөгөө, хэрэгжүүлэх ажлын гол зорилтуудаа бизнес эрхлэгчдэд танилцуулсан бол яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Л.Энх-Амгалан макро эдийн засгийн үзүүлэлт, ирэх оны эдийн засгийн төлөвийн талаар мэдээлэл өгсөн юм.
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн талаар тус яамны Хөгжлийн төсөл, хөрөнгө оруулалтын удирдлагын хэлтсийн дарга Б.Төгөлдөр мэдээлэл өгч, хувийн хэвшлийн эрх ашгийг хангах, бизнес дэх төрийн оролцоог багасгах, бизнесийн үйл ажиллагаанд давхардсан хяналт, шалгалт хийхийг хуулиар хориглож байгаа гэдгийг онцлов. Бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчтай холбоотой гомдол мэдээллийг шуурхай шийдвэрлэж, аж ахуйн нэгж болон тэдний бие махбодийг хамгаалах заалт тусаж байгааг мэдэгдлээ.
Бизнес эрхлэгчид татварын эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байгааг онцолж, Татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг бодит нөхцөлд нийцүүлэн, нухацтай авч үзэх ёстой хэмээн байр сууриа илэрхийллээ. Тэдний зүгээс ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхэд хамгийн том саад болж буй хүчин зүйл нь нийгмийн даатгалын шимтгэлийн ажил олгогчийн төлөх хувь хэмжээ өндөр байгааг онцолж байв.
Түүнчлэн далд эдийн засгийг ил болгох, шударга өрсөлдөөнийг дэмжих бодлогыг эрчимжүүлэх шаардлагатай гэдгийг сануулсан юм. Хувийн хэвшлийнхний үйл ажиллагаанд хүндрэл учруулж буй гол асуудлуудын нэг нь хууль давж үйлчилж буй журам, зохицуулалтуудыг цэгцэлж, хууль дээдлэх зарчмыг бодитой хэрэгжүүлэхийг хүсэв.
Валютын ханшийн савлагаа нь хөрөнгө оруулагчид болон аж ахуйн нэгжүүдэд томоохон дарамт учруулж байгааг онцоллоо. Олсон ашгийнхаа тодорхой хэсгийг ханшийн зөрүүнд алдаж, улмаар ашиггүй ажиллах нөхцөл байдал үүсэж байгааг бизнес эрхлэгчид дурдсан юм.
Мөн нийслэл болон орон нутагт үйл ажиллагаа явуулахад шаардлагатай тусгай зөвшөөрөл авах үйл явц удаан, хүндрэлтэй байгааг дурдаад сардаа нэг удаа хуралддаг ажлын хэсэг тогтмол хуралддаггүйгээс үүдэн хэдэн сараар хүлээх, улмаар цаг хугацаа, хөрөнгө санхүүгийн алдагдал үүсэж байгаа гэв. Эцэст нь бизнес эрхлэгчид төрийн байгууллагууд хяналт, шалгалт, торгуулийн арга хэмжээнээс илүүтэйгээр бизнесийг дэмжиж, боломж олгодог, хамтын ажиллагаанд суурилсан тогтолцоонд шилжих шаардлагатай байгааг онцлон тэмдэглэсэн юм.
АДМИН








Нийгэм








